ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Гурван монгол хүний нэг нь ядуу амьдарч байгааг засах ёстой

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-05

УИХ-ын хаврын чуулганы хуралдааныг өнөөдөр албан ёсоор хааж байна. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг өнөөдрөөс эхлэн нээж буйгаа мэдэгдсэн юм. Их хурлаар яг одоо Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байгаа бөгөөд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг дундаа тасалдах ёсгүй юм. Тиймдээ ч ээлжит чуулганаа хаасан даруйдаа ээлжит бус чуулганыг нээж байгаа учраас хуулийн хийдэл үүсэхгүй гэж тайлбарлаж байгаа билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Энэ парламентын үйл ажиллагааг 2012-2016 оны өмнөх парламенттай харьцуулахад тоо ба чанарын том дэвшил гарсныг тэмдэглэж хэлэхэд таатай байна.

Байнгын хороодын болон нэгдсэн чуулганы хуралдаан ирц хүрэхгүйн улмаас байсхийгээд тасалддаг, ирцээ бүрдүүлж, хуулиа батлахын тулд бусдын өмнөөс санал өгдөг гэх мэт өмнөх парламентын хариуцлагагүй байдлыг энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд засч чадлаа. 
Цаашлаад хараат бус, зөвхөн хууль засагладаг шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрыг байгуулж, бий болгох нь бидний ойрын үеийн зорилт байх болно” гэсэн юм. Улмаар хаврын чуулганыг хаасныг мэдэгдсэний дараа ээлжит бус чуулганыг нээж буйгаа мөн мэдэгдэж, үг хэлэв.

Тэрбээр, “"Ардчилсан засаглалтай, тусгаар улсын иргэдийн эдлэх ёстой эрх чөлөө дутуу дулим байна. Шударга ёсны хэм хэмжээ алдагдлаа. Төрийн тогтолцооны хяналт-тэнцэл нь гажуудлаа. Хууль мөрдүүлдэг байгууллагуудад хууль засаглахаа болилоо. Байгалийн асар их баялагтай, 66 сая малтай, оюуны өндөр чадавхитай хэрнээ гурван монгол хүний нэг нь ядуу амьдардаг боллоо. Энэ бүхэн бол Монголын нийгмийн өнөөгийн бодит байдал. Үүнийг засах ёстой. Засах ажлыг Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаас эхлэх ёстой гэдгийг нийт нийгмээрээ хүлээн зөвшөөрч байна” хэмээлээ.

Өнөөдрөөс эхлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг холбогдох байнгын хороод болон ажлын хэсэг, дэд хороод хэлэлцээд явах бөгөөд ээлжит бус чуулганы хуралдаанаар энэ сарын 16-ны өдөр хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр болжээ.