ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

30 жилийн дараа ач хүүтэйгээ уулзахаар болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-05

Тээврийн цагдаагийн албанаас "Бид мартахгүй" өдөрлөгийн хүрээнд нэгэн буянтай үйл хийхээр болжээ. Тодруулбал, тус хамт олон албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан цагдаагийн албан хаагчдаа хүндэтгэх, тэдний ар гэрийнхэнд тусалж дэмжих ажлыг жил бүхэн хийдэг билээ.

Тэгвэл өнөө жил тэртээ 1988 онд албан үүргээ гүйцэтгэх явахдаа автобусанд дайруулж, амиа алдсан Сүхбаатарын районы дөрөвдүгээр салаанд цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан З.Ганбаатар агсны дурсгалыг хүндэтгэж, талийгаачийн эхнэр хүүхдийг З.Ганбаатар агсны ар гэрийнхэнтэй уулзуулах ажлыг зохион байгуулахаар болжээ.

Талийгаачийн эхнэр Э.Оюунаа нь 30 жилийн өмнө талийгаачийг амиа алдсаны дараа ОХУ-д ажиллаж, амьдрахаар гурван настай хүүгээ аваад явжээ. Энэ цагаас хойш огтхон ч холбоо харилцаагүй байсан бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн, Тээврийн цагдаагийн албаныхантай хамтран тууштай хайсны үр дүнд хүүг нь олсон байна.

Улмаар, З.Ганбаатар агсны төрсөн дүүгийнх нь хүүхдүүд авга ахтайгаа уулзахаар өнөөдөр ОХУ-ыг зорьж байгаа юм. Тээврийн цагдаагийн хамт олон тэдгээр гурван иргэний замын зардлыг бүрэн дааж байгаа бөгөөд энэхүү уулзалтыг хамгийн сэтгэл догдлон хүлээж суугаа хүн бол З.Ганбаатар агсны аав өдгөө 90 настай М.Загдаа гуай юм. Хамгийн том ач хүүгээ гуравхан настай байхад нь үнсээд ээжид нь өгч явуулснаас хойш 30 жил хараагүй энэ эрхэм ирэх жил ач хүүтэйгээ Монгол Улсад уулзана хэмээн итгэл төгс ярьж сууна.