ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар хуулийн төсөл өргөн барина

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-08

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр 12:00 цагаас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барихаар болжээ.

Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг таван үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна гэсэн заалт тусгасан аж.

Тодруулбал, УИХ-ын гишүүн өөр ажилд шилжсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, хүндээр өвчилсөн бол, мөн Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж шийдвэр гаргасан бол эгүүлэн татна. Үүнээс гадна хамгийн чухал нь гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол албан үүргээс нь чөлөөлж, эгүүлэн татахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж үзжээ. Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн эхээр нь хүргэе.