ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Санхүүгийн зохицуулах хороо хүүхдийн эрхийг уландаа гишгэсэн үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-08

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр баяр наадмын үеэр унаач хүүхэд болон хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар мэдээлэл хийлээ. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын холбогдох албан тушаалтан хийсэн мэдэгдэлдээ “Дуртай нэг нь ямар ч хамаагүй хүүхдээр морио унуулдаг байсан нь ул болж үлдсэн. Унаач хүүхдүүдийн нэгдсэн бүртгэлийг гаргасан. Мөн ямар нэг байдлаар даатгалд хамруулсан байгаа. Уяач нарт хүүхдүүдээ даатгалд хамруулах ёстой, хамгаалалтын хувцастай уралдуулах ёстой гэдэг ойлголт бүрэн дүүрэн суусан байна. Энэ бол бидний сүүлийн гурван жилийн ажил. Морин спорт уяачдын холбоотой нягт хамтран ажиллаж байгаа. Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оныг хүүхэд хамгааллын жил болгох зарлиг гаргасан. Тэр ёсоор Засгийн газар “Хүүхдээ хамгаалах, хөгжүүлэх жил” болгон зарласан. Монгол Улс нэг сая хүүхдээ хамгаалж, бас хөгжүүлж байна. Энэ утгаараа бид Уяачдын холбоо болон даатгалын бүх компаниудтай хамтраад унаач хүүхдүүдийг 100 мянган төгрөгөөр даатгахаар болсон. Харин нөхөн төлбөр нь 20 хүртэл сая төгрөг байсан. Гэтэл энэ оны долдугаар сард СЗХ-ноос мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд “Хурдан морь уяач нар ямар үнээр даатгуулахаа тухайн унаач нартай тохиролцоно” гэсэн байсан. СЗХ-ын зүгээс даатгалын компаниудыг хянах асуудал байдаг байх. Гэтэл энэ журмыг гаргаснаас болоод харилцан тохиролцоно гэх асуудлаар наамдууд дээр бөөн маргаан гарч эхэллээ. “Заавал 100 мянган төгрөг байх албагүй. Хүүхэдтэйгээ харилцан тохиролцоод даатгуулсан байх ёстой” гэдэг зүйл яриад эхэллээ. Бид өмнөх жилүүдэд 30 мянган төгрөгөөр даатгаж үзсэн. Гэсэн ч даатгалын компаниуд тооцоолол хийж үзээд, хамгийн ихдээ 5.000.000 төгрөгөөр даатгах боломжтой гэж хэлсэн. Би муухай зүйл хэлье. Хэрвээ хүүхэд осолдож, эндчихвэл тавхан сая төгрөг авах нь байна шүү дээ. Энд Уяачдын холбоо, даатгалын компанийн төлөөлөл ч ирсэн байгаа. Бүгд хүүхдээ хамгаалах ёстой гэдэг эрх ашгийн төлөө нэгдэж байна” гэлээ. Монголын морин спорт уяачдын холбооны зүгээс энэ оны дөрөвдүгээр сард ГБХЗХГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд хүүхэдтэй холбоотой хэд хэдэн асуудлыг тодорхой болгох чиглэлд санал нэгджээ. Тодруулбал, унаач хүүхдийн тоог Даатгалын компани, Мэргэжлийн хяналт болон бусад төрийн байгууллагатай хамтран нэгдсэн байдлаар гаргах. Мөн унаач хүүхдүүдийг даатгалд хамруулах, нөхөн төлбөрийн хэмжээг 20 сая ба түүнээс дээш хүргэх зэрэг хэд хэдэн асуудлаар хамтран ажиллахаар тохирсон байна. Харин Мэргэжлийн хяналтын байгууллагаас баяр наадам болохтой холбогдуулан аюулгүй байдлын хяналт шалгалтыг улс орон даяар эхлүүлсэн бөгөөд унаач хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар зөвлөмж боловсруулж, Монголын морин спорт уяачдын холбоо, ГБХЗХГ, 21 аймаг, есөн дүүргийн Засаг дарга нарт хүргүүлж, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Энэ жил найман наснаас дээш хүүхэд морь унаж байгаа эсэх, хурдан морь нь зориулалтын эмээл хазаартай, мөн хүүхэд нь стандартад нийцсэн хувцас хэрэглэлтэй эсэхэд ч хяналт тавих аж. Унаач хүүхдийн бүртгэл 7000 гаруй байгаа бөгөөд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хаана нь ч бүртгүүлсэн ч хурууны хээгээр бүртгэчихсэн учраас бүртгэл нь гараад ирэх юм байна. Өөрөөр хэлбэл, бүртгэлтэй албан ёсны уралдаанд бүртгэлгүй ямар ч хүүхэд уралдахгүй гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.