ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн дээд цолтнууд төрөн гарлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-08

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон шагнал, Хөдөлмөрийн баатар, МУГЖ цолтонууд олноор төрөн гарлаа.

Өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт их танхимд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, МУУГЗ, Төрийн соёрхолт, Чингис хаан одонт Б.Шарав нарт Хөдөлмөрийн баатар цол гардууллаа. Ерөнхийлөгч шагнал гардуулах ёслолын үеэр “Ажил үйлсээрээ манлайлж, төрийн одон медаль гардаж буй та бүхэндээ баяр хүргэе. Өнөөдөр шагнуулж буй манлайлагчдын дунд Төрийн соёрхолт, Чингис хаан одонт Б.Шарав гуай маань байна. Түүний олон уран бүтээлийг дэлхий дахин мэдэх билээ.

Уртын дууны өв уламжлалд тулгуурлан бүтээсэн “Замбуу тивийн наран” бүтээлийг нь 1985 онд ЮНЕСКО хөгжмийн сан хөмрөгт бүртгэж, “Хоёрдугаар симфони” нь дэлхийн хөгжмийн цоо шинэ үзэгдэл хэмээн мэргэжилтнүүдээс үнэлгээ авч байсан авьяаслаг хөгжмийн зохиолчдоо Хөдөлмөрийн баатар олгож байна. Мөн авьяаслаг хөгжмийн зохиолч, Төрийн хошой соёрхолт Нацагийн Жанцанноров гуайг Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байна. Уламжлалт хөгжмийн соёлыг орчин үетэй нийцүүлж, Монголын биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх ажилд онцгой зүтгэл гаргаж манлайллаа.

Монгол Улсын хилийн бүрэн бүтэн байдлыг хангах, 8252 км шугамыг тогтоон тэмдэглэж, газрын зургаар баталгаажуулж, НҮБ-аар Монгол Улсын газар нутгийг тодотгон баталгаажуулсан Б.Рагчаа таныг мөн Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байна. Баяр хүргэе” гэсэн юм. Үүнээс гадна төмөр замын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, Монгол Улсын хүндэт төмөр замчин, Гавьяат тамирчин Нямын Ширнэндугарыг Хөдөлмөрийн баатар, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын эмч Ц.Даваацэрэнг Монгол Улсын хүний гавьяат эмчээр, жүжигчин Д.Сүхбаатарыг МУГЖ, Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин, анхны гоолын эзэн, ОУХМ, Монголын хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учралд МУГТ цол олгосон бөгөөд хөлбөмбөгийн спортоос төрж буй анхны гавьяат болов. Харин хэвлэл мэдээллийн салбарт 1968 оноос хойш ажиллаж буй Ц.Цэрэнд Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн цол олгожээ.