ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Шарав: Их урлагийг бүтээсэн ард түмэндээ баярлалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-08

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон шагнал, Хөдөлмөрийн баатар, МУГЖ цолтонууд олноор төрөн гарсан билээ.

Тодруулбал, өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт их танхимд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, МУУГЗ, Төрийн соёрхолт, Чингис хаан одонт Б.Шарав нарт Хөдөлмөрийн баатар цол гардууллаа.

Тэгвэл манлайлагчдын нэг болох Төрийн соёрхолт, Чингис хаан одонт Б.Шарав гуай баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр, “Хоёргүй сэтгэлээр хөгжмийн урлагт 50 жил зүтгэсний минь үр шим надад болон миний гэр бүлд ирлээ.

Гэхдээ энэ бол ганцхан миний гавьяа биш. Надтай цуг хамтарч ажилладаг олон зуун уран бүтээлчдийн шагнал юм. Монголын минь ард түмний хийж бүтээсэн их урлагийг түшиж, түүнийг гол үзэл баримтлалаа болгож явсны ач буян юм. Ард түмэндээ, үргэлж дэмжиж байдаг төр засгийн байгууллагууддаа үнэхээр их баярлаж байна. Хөгжмийн уран бүтээлээ илүү өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хэлье. Хамгийн сүүлд би “Бяцхан вальс” гэх бүжгийн зохиолыг хүний захиалгаар хийлээ” гэв.