ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярын "Жар хоног”, “Жаран бутархай” номын дутуу орхигдсон хэсгийг ҮАБЗ-ийн А.Гансүх гүйцээн бичжээ

O.Admin
2019-07-09

“Энд ирээд хоёр хонов. Энд гэдэг нь хэцүү нэртэй газар. Газарсах юмгүй шорон. Хуучнаар бол Ганц худаг. Одоогийнхоор бол цагдан хорих 461-р анги…” Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран хоног”, “Жаран бутархай” ном дээрх хэсгээр эхлэх аж.

Энэхүү ном нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэг “Жаран хоног” нэртэй. Энэ хэсэгт Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрүүлсэн хоёр сарын тэмдэглэл оржээ. Номын хоёрдугаар хэсэг нь “Жаран” бутархай нэртэй. Харин энэ хэсэгт хүний хорвоод нэгэн жарныг туулан амьдрахдаа уулзаж, нөхөрлөсөн хүмүүсийн хөрөг, хувь хувьсгалын амьдралд ул мөрөө үлдээсэн үйл явдлуудын тэмдэглэл багтсан байна.

С.Баярын “Жаран хоног”, “Жаран бутархай” номын нээлтийн ёслол энэ сарын 05-ны өдөр Сөүл ресторанд болсон. Уг ном 1,000 хувь хэвлэгдсэн ч нээлтээсээ өмнө дуусч, уншигчдын сонирхлыг хэдийн татаад буй энэхүү номонд өнөөгийн болон өнгөрсөн үеийн түүхийн хамгийн сонирхолтой эргэлтүүд, бодит баримтуудыг нөлөө бүхий зүтгэлтнүүдийн ааш араншинтай хослуулан өгүүлжээ.

ҮАБЗ-ийн А.Гансүх "Жар хоног”, “Жаран бутархай” номын дутуу орхигдсон хэсгийг гүйцээн бичсэн нь олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад байна. Тиймээс бид уг бичвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ҮАБЗ-ийн А.Гансүх: Ерөнхий сайд асан С.Баяр ном бичиж, миний тухай дурьджээ. Төрийн ажил хийж байхад улс орны язгуур эрх ашгийг хөндсөн олон чухал үйл ажиллагаа хийгдэж байдаг. Тэр бүрийг нийтэд дэлгээд байдаггүй бөгөөд дэлгэх байсан ч цаг хугацаатай байдаг билээ. Учир нь Монгол Улсын язгуур ашиг сонирхолтой холбоотой бодлогыг улс төрийн зөрчилд ашиглаад эхэлбэл хэрэгжүүлэх гэж байгаа удаан хугацааны алсын зорилгод хохирол учруулдаг. Гэхдээ Ерөнхий сайд байсан хүн тэр цаг хугацаа нь болсон гэж бодоод олон нийтэд ил болгож байгаа юм байна. Тэгвэл би ч бас энэ түүхийн С.Баярын бичээгүй хэсгийг нь ил болгохоос өөр аргагүй боллоо. Учир нь Ерөнхий сайд асан маань бодит түүхийг дутуу бичжээ. Тиймээс түүний далдалсан хэсгийг нийтэд хүргэе.

Одоогийн Ерөнхийлөгч Х. Баттулга бид хоёр С. Баярын Засгийн газарт Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд, дэд сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд С. Баярыг их үнэлж, хүндэтгэж ажиллаж байлаа гэдгийг хэлэх нь шударга байх. Тухайн үед юу болов…

Энэ үйл явдал 2009 оны 7 сард болсон. С. Баяр номондоо 2009 оны 3 дугаар сар гэж андуурчээ. Энэ бол түүний эхний алдаа. Техникийн шинжтэй л алдаа юм даа.

Хятадын төмөр замын дэд сайд Монгол Улсад айлчлав. Мэдээж, Зам, тээврийн яам дээр ирж уулзалт хийж, ирсэн зорилгоо танилцуулав. Дараа тэрээр нь Монгол Улсын Ерөнхий сайд С. Баярт бараалхав. Дэд сайд хүнийг Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч байгаад жаахан гайхсгээд Ерөнхий сайдын уулзалтад орлоо. Уулзалтаар Хятадын дэд сайд төмөр замын болон уул уурхайн салбарт хамтран ажиллаж саналаа танилцууллаа. Ерөнхий сайд С.Баяр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай хэлэлцээр хийгээрэй гээд биднийг заалаа.

Уулзалтын дараа Х. Баттулга сайд бид хоёр Ерөнхий сайдтай өрөөнд нь 3-аа үлдээд түүнд хэллээ: “энэ дэд сайд уул уурхайн асуудал ярьж байна, уул уурхайн хамтарсан компани, төмөр замын хамтарсан компани байгуулах саналтай гэнэ, бас нарийн царигаа ч ярьж байна, яах уу” гэж асуулаа. Ерөнхий сайд “Баттулгаа чи оны өмнө Хятад явахдаа тэдний сайдтай муудалцаад ирсэн, одоо энэ хүнийг хоосон буцааж болохгүй шүү, би өөрөө урьж авчирч байгаа юм шүү” гэлээ. Ингээд би яагаад Ерөнхий сайд өөрөө Хятадын дэд сайдыг хүлээж авсныг ойлгож авав. Бас Х. Баттулга сайдыг яагаад зэмлээд байгааг ч ойлгов. Учир нь Х. Баттулга сайд 2008 оны 11 сард Хятадад айлчилж, Хятадын төмөр замын сайдтай нарийн царигийн асуудлаар санал нийлээгүй, “муудалцсан” байв.

Бид хоёр дахиад л Ерөнхий сайдаасаа асуулаа: “Уул уурхайн асуудлыг яах вэ, манай яамны хариуцах салбар биш шүү дээ” гэлээ. Ерөнхий сайд маань “Оросуудтай барьцаж байна тээ, аргагүй л дээ, эд тэгнэ л дээ” гэж хариуллаа. Учир нь Ерөнхий сайд С. Баярын тэргүүлсэн Засгийн газар Оросын талтай тохиролцож “Дэд бүтцийн хөгжил” ХХК хамтарсан компани байгуулж, төмөр зам, уул уурхай, тэр дундаа "Тавантолгойн" ордыг хамтран ашиглах талаар ярьж байв.

Ингээд би ажлын хэсэг ахалж хэлэлцээ эхлүүллээ. Харин Засгийн газраас бичгээр удирдамж өгөөгүй билээ. С. Баяр номондоо удирдамжтай байсан мэтээр андуурч бичжээ.Энэ бол түүний номон дахь хоёр дахь алдаа. Удирдамж гэвэл зөвхөн Ерөнхий сайдын хэлсэн “энэ хүнийг хоосон буцааж болохгүй, тавьж байгаа асуудлаар нь муудалцаж болохгүй” гэдэг чиглэл байлаа. Бид мэргэжлийн түвшинд ажилласан, манай ажлын хэсэгт салбарын хамгийн сайн, туршлагатай мэргэжилтнүүд ажилласан. Хэлэлцээний явцад хэд хэдэн удаа “муудалцаад” авсан. Ерөнхий сайдынхаа удирдамжийг зөрчсөн гэсэн үг. Эцэст нь нэг төсөлтэй боллоо. Айлын тал их шахлаа, бид ч “муудалцахгүйг” хичээж улс орны эрх ашгаа хамгаалсан, зөв томьёолол оруулах гэж зүтгэв. Ер нь Ерөнхий сайдынхаа зочныг гомдоохгүй байх гэдэг дээр их хэцүү байлаа. Зочин маань нарийн цариг дээр л “гомдох” гээд эмзэг байлаа.

Ингээд гурван өдрийн хэлэлцээний үр дүнд төсөлд гарын үсэг зурах боллоо. Би Х.Баттулга сайдад орж Санамж бичгийн төсөл, айлын талын санал, манай байр суурийн тухай танилцуулав. Сайд “нарийн царгийн асуудлаа яасан” гэж асуув. Би хэллээ “Нарийн цариг, уул уурхай компани байгуулах гэх мэт ер нь энэ санамж бичигт тусгасан асуудлыг төрийн эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ, Засгийн газар шийдвэрлэнэ" гэж томьёолж оруулж байгаа гэв. Монгол Улсын Ерөнхий сайд С. Баяраас өгсөн “энэ хүнийг хоосон буцааж болохгүй, муудалцаж болохгүй” гэсэн удирдамжийг хэрэгжүүлэх зөв томьёолол нь бидний хувьд үүнээс өөр байсангүй. Энэ үед бид “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт”-ыг боловсруулж байсан бөгөөд энэ баримт бичиг 2010 оны 6 дугаар сард УИХ-аас батлагдан гарснаар Хятадын талтай байгуулсан энэ Санамж бичиг хүчингүй болсон билээ.

Санамж бичиг байгуулсны маргааш өглөө Ерөнхий сайд дуудаж би ганцаараа очсон. С. Баяр номондоо Х. Баттулга бид хоёр хамт очсон гэж бичсэн нь мөн алдаа. Учир нь тэр өдрийн өглөө Х.Баттулга сайд Баянхонгор аймагт тойрогтоо ажиллахаар явчихсан, эзгүй байсан. Үүнийг амархан баталж болно. Ерөнхий сайд руу ороход үүдэнд нь төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд хэн, хэдэн цагт орсныг бүртгэдэг. Энэ бүртгэлийг харахад л батлагдана. Тэгээд ч намайг ганцаараа Ерөнхий сайд руу орсныг С. Баярын туслах Х. Алтай батлах биз.

Энэ асуудалтай холбоотой төрийн урт хугацааны бодлого, алсын хараа, төлөвлөгөө, үйл ажиллагааны тухай зарим зүйлийг би ил болгосонгүй. Зөвхөн Ерөнхий сайд асан С. Баярын бичээгүй хэсгийг л нөхөж бичив" гэжээ.

                  Эх сурвалж: medee.mn