ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНРТ-ийн асраар зочилж, наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүллээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайгаас наадмын үйл ажиллагааг шууд дамжуулж буй МҮОНРТ-ийн асраар зочилж, наадамчин олондоо цэнхэр дэлгэцээр дамжуулан мэндчилгээ дэвшүүллээ.

-Сайн байна уу Та. Сайхан наадаж байна уу?

-Сайхан наадаж байна. Сайхан наадацгааж байна уу. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нийтдээ гурав дахь удаагаа улсынхаа баяр наадмыг нээх гэж байна. Нийт монголчууддаа баяр наадмын мэнд хүргэе.

-Та энэ жилийн наадмын өнгө төрхийг наадамчин хүний хувьд юу гэж харж байна?

-Наадмын өнгө төрх жил бүр олон янзаар яригддаг. Гэхдээ жил бүрийн наадмын нэг онцлог бол “…Үндэсний их баяр наадам” гэдгийн өмнө өнөө жил гэхэд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардчилсан хувьсгалын 30 жил… гэхчлэн түүхэн цаг хугацаагаа бид үргэлж дурддаг. Энэ бол манай төрт улс олон жилийн түүхтэй юм шүү гэдгийг нийтэд зарлан тунхаглаж байдаг юм.

Энэ жилийн наадмын өглөө бороо шивэрч, удалгүй нар гарлаа. Бид нар, хур тэгширсэн гэж ярьдаг. Аймгуудын наадмууд ч өргөн дэлгэр сайхан үргэлжилж байна.

-2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Та олон чухал айлчлал хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал гэдэг бол ач холбогдол өндөртэй, олон ажлыг урагшлуулсан байх ёстой байдаг?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн гол ажлуудын нэг нь гадаад харилцаа байдаг. Энэ оны IV сард урд хөршид болсон “Бүс ба зам” зөвлөгөөнд оролцсон. 160 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцсон. Энэ уулзалтад оролцож, мөн Төрийн айлчлал хийсэн гэдгийг та бүхэн мэдэх байх.

Мөн Киргиз улсын Бишкек хотноо ШХАБ-ын уулзалтад ажиглагчийн байр сууринаас оролцож, Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалтыг ахалж, уулзаад ирсэн.

-Энэ жил ямар бөхчүүд өнгөтэй байна гэж Та харж байна?

-Барилдаануудыг л харъя. Хэнтий аймгийн арслан Э.Оюунболд, Баруун аймгуудаас бол харцага О.Хангай, Булган аймгийн Э.Энхбат нарын бэлтгэл сайн харагдаж байна. Олимпийн аварга маань ч гэсэн олон давахыг үгүйсгэхгүй, дээшээ барилдах болов уу гэж харж байна.  

-Наадмын төв асарт айлчлан ирсэн танд баярлалаа. Та бүхний гаргасан шийдвэр бүр цэц мэргэн байх болтугай.