ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нэг нь 10 байшингаа, нөгөө олон сая ам.доллараа "тэврээд" ард түмэнтэй нүүр тулах нь

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-03

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга  АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзлаа.Уулзалтад Монголын талаас улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцов. Энэ уулзалт Монголын "эрхэм хүндэт" авлигачдын толгой дээр бөмбөг тэсэллээ. Тэд хаана, ямар оффшор дансанд авсан авлигын мөнгөө нуусны бодож, чацга нь савирч байгаа нь ойлгомжтой. 

Учир нь уулзалтын эхэнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцаж, боловсон хүчнээ сургахаар ярьж тохиролцлоо. Мөн АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэхэд тусална. Ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ хэмээн хэлсэн талаар Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн.  Уулзалтыг хоёр талаас Монгол-Америкийн прокурорын байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахуйц үр дүнтэй боллоо хэмээн дүгнэсэн байна билээ. 

Ерөнхий прокурор Ерөнхийлөгчийн айлчлалд багтаж явсны цаад зорилго нь энэ байж. Монгол Улсын хууль, цаазын тэргүүн хүн АНУ-ын Хууль зүйн сайд, Ерөнхий прокурортой биеэр уулзаж, авлигын эсрэг тэмцэх талаар ярилцана гэдэг маш том ахиц.  Өмнө нь манай хууль, хяналтынхан авлигачидтай тэмцэх ямар ч сонирхолгүй, тэдний талд зарим нь үйлчилж байсныг олон жишээ харуулдаг. ЕТГ-ын дарга З.Энхболд 2018 онд АНУ-д ажиллаад ирэхдээ "Монголын эрхэм авлигачид минь, гишгэх газаргүй болсон" хэмээн ярьж, АТГ-ынхан тэнд очиж сургалтад суусан талаар ч хэлж байлаа. АНУ-ын тал тэр үед л НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн мэдээллийг гаргаж өгөх боломжтой гэдгийг манай АТГ-ынхан хэлсэн. Гэтэл АТГ-ын удирдлагууд Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ "Эрхзүйн харилцан туслалцах гэрээгүй бол мэдээлэл өгөхгүй, боломжгүй" маягийн юм яриад, хуураад сууж байсан удаатай. 

Одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Авлигажсан албан тушаалтнууд, бүлэглэлийн гар хөл болсон хууль, шүүхийнхэн ажлаа өгсөн. Авлигатай тэмцэх, оффшор дансан дахь мөнгийг эх орондоо оруулж, ирэх, улсаа худалдаж, баялгаа гадныханд найр тавьж, зарсан авлигачдыг шийтгэх ажил эрчимтэй урагшилж байна. АНУ-ын Хууль зүйн сайдтай хийсэн энэ уулзалт авлигачидтай хийх тэмцэлд хэрэгтэй "их буу" боллоо. Одоо л та нартай томхон тулаан хийнэ дээ.  Та нар хэдэн арван сая ам.доллар, хэдэн 10 хаусаа "тэврээд", ард түмэн уур бухимдал, тасарсан тэвчээрээ үүрээд, хуулийн өмнө, шударга ёсны өмнө нэг тулах нь дээ.  

Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор бүсэд мартсан сая ам.доллар, дараа нь нэмэгдээд 10-аад сая болсон "шидэт" мөнгө, бүр сүүлдээ 40, 50 сая ч байж мэдэхээр болсон "өндөглөдөг ам.доллар"-ын учир олдох нь. Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д авсан гэх 7 хаус, дараа нь 10 болж нэмэгдчихээд байгаа "шидэт" хаусуудын учир ч олдох нь. Төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Сугар, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал гэх мэт олон хүний гадаадад авсан байшин сав. Өөр олон авлигачдын нуусан хөрөнгө, мөнгө ил болох нь цаг хугацааны л асуудал боллоо.  Тэр ч битгий хэл авлигын мөнгөө аваад амь зулбан зугтсан шүүгч С.Төмөрбаатарыг ч авчирч, хуулийн өмнө зогсоох тухай мэдээ дуулдаж байна. 

Авлигад авсан мөнгөө оймсондоо хавчуулж, өрөөндөө нууж, сейфинд хадгалж, тэр төмөр авдраа хог дээр хаяад ч хэрэггүй. Бүгд илэрнэ. Гэрийнхээ доор том нүх ухаад булсан ч баригдана. Гадаад руу, оффшор данс руу шилжүүлбэл Дэлхийн банк гүйлгээг чинь хянана. Энэ талаар ЕТГ-ын дарга З.Энхболд өнгөрсөн жил хангалттай ярьсан. Нэг зүйлийг сануулахад илүүдэхгүй байх. Дэлхийн банкны төв АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрладаг. АНУ-ын хууль, хяналтынхан манайд туслахаар болсон болохоор Дэлхийн банкны гүйлгээ гээд олон зүйлийг өгөх боломжтой. Хэн авлига авч, түүнийг оффшор дансанд нууж, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө гадаадад авсан байна, тэр болгон чинь ил болно.  Улсаа зарж олсон хэдэн доллараа битгий хэл улаан нүүрээ ч нуух газаргүй боллоо, адгийн авлигачид минь.