ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тост, Тосонбумбыг улсын тусгай хамгаалалтад авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-14

Монгол Улсын Засгийн газраас Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газарт өргөтгөлөөр авах тухай тогтоолыг гаргасан байна. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцлоо. Улмаар  Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, 153.4 мянган га газрыг өргөтгөн, нийт 896.5 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын тогтоолыг баталлаа.  

Засгийн газрын тогтоолтой холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нараар ахлуулсан томоохон ажлын хэсэг Тост, Тосон Бумын нуруунд олгогдсон хайгуулан болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт хийхээр болсон байна. Зарим зөвшөөрлийг олгохдоо хууль зөрчсөн байх магадлал байгааг шалгахаар болсныг та бүхэнд мэдэгдэе" хэмээлээ.  

Мөн Засгийн газраас хилийн заагийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт, мэдээллийн санд бүртгэхийг БХБ-ын сайд Х.Баделханд, хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт даалгасан байна.