Тост, Тосонбумбад үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Мөн Тост, Тосонбумбыг улсын тусгай хамгаалалтад аваад байгаа. Энэ талаар тус компанийг эзэмшигч гэгдэх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Би энэ талаар ард түмнээс нуугаагүй. 2010 оны төгсгөлд тусгай зөвшөөрлийг авсан нь үнэн. 2016 оноос хэдэн залуучууд аваад, ашиглах гэж байсан. Өчигдөр, уржигдар Засгийн газар шийдвэр гаргаад л байх шиг байна. Би бичгээр олж авна, тэр шийдвэрүүдийг. Тэгээд уурхайг шилжүүлж авсан залуучуудтайгаа уулзана.
Тэр залуучууд надтай холбогдсоноороо Монголын бизнесийн түүхэн дэх хамгийн том хэлмэгдүүлэлтэд өртөж байх шиг байна. Миний нэр оролцсоноороо л энэ уурхай эрсдэл үүсчихлээ. Гадаадын нэг хүн эзэмшиж байсан бол тэгэхгүй. Эсвэл улстөрд ороогүй хүн байсан бол бас тэгэхгүй шүү дээ. Ерөөсөө л надтай холбоотой.
Энэ уурхайн 50 хувийг нь минийх гэдэг нь үнэн. 50 хувийг нь ХХБ-ных гэж ярьдаг юм. Гэхдээ л би 100 хувь эзэмшиж байсан юм, бараг. Харин надаас тэр залуучууд шилжүүлж авах, цаашлаад хөрөнгө оруулалт хийхдээ 130 тэрбумыг зарцуулсан юм. Би Ардчилсан нийгэмд амьдарч байна л гэж бодсон. Гэвч ийм л зүйл боллоо. Одоо надаас шилжүүлж авсан залуучуудын шийдэх л асуудал болчихлоо. Тэр залуус хүнд цохилтод орсон.
Би шилжүүлсэн учраас тэр эзэмшигчид нь хууль зүйн хувьд хариуцлагаа хүлээнэ. Энэ уурхайг би зарсан. Ёс зүйн хувьд надтай холбогдсон учраас би асуудалд оролцож л таарна. Монгол Улс хуультай, хуулиа дагах байх гэж найдаж байна. Гэхдээ дийлэх юм уу, үгүй юм уу. Хэцүү л байгаа шүү дээ. Би матрын нулимс унагаад, өөрийнхөө талаар нэг их яриад баймааргүй байна.
Өмнө нь Тост, Тосонбумбад 9 уурхай ажиллаж байсан. Энэ залуучууд 10 дахь нь болж орсон. Араас нь дахиад 5 орсон. Гэтэл урд талын 9 нь зүгээр. Дараагийн 5 нь бас зүгээр ажиллаад байдаг. Тэгэхээр энэ яах аргагүй улстөржилт" хэмээлээ.