ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын зөвлөл: Үндсэн хуулийн өөрчлөлт сонгуулийн пиар болж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-19

 

 УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, хуралдааны талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өмнөх долоо хоногт АН-ын зөвлөл хуралдаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт зарчмын байр суурь илэрхийлсэн. Үндсэн хуульд нэмэлт оруулахдаа нэгдүгээрт сонгодог парламентыг баталгаажуулж, цаашдын хөгжлийн хандлагыг зөв болгоё гэвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Хоёрдугаарт улс орны хөгжлийг урт хугацаанд зөв харъя гэвэл төрийн эдийн засаг, санхүүг ямар байдлаар ойлгох вэ гэдгээ Үндсэн хуульд зайлшгүй оруулах ёстой. Гол зарчим нь орон нутгийн бие даасан төсөв, эдийн засгийн зарим эрх мэдлийг орон нутагт нь өгөх асуудал юм. Орон нутагт эрх мэдлийг өгнө гэдэг бүгдийг нь орон нутаг шийдээд явна гэсэн үг биш. Үндсэн хуульдаа төр татвар хураамжийнхаа хуулийг зөвхөн хууль тогтоомжоор тогтоох ёстой. Орон нутгийн төсвийн бие даасан байдал хангагдаж байж төвлөрөл багасч, цаашдын хөгжлийн хандлага зөв явна. Гуравдугаарт ард түмний засаглах эрхийг баталгаажуулахын тулд УИХ-ын гишүүдийн хариуцлага, тэднийг эргүүлэх татах асуудлыг тодорхой болгох ёстой гэсэн зарчмын байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр энэ байр суурьт Төрийн байгуулалтын байнгын хороо болон ажлын хэсэгт өгөх саналаа нэгтгэн хүргүүлэх гэж байна. Энд нийт 18 санал байгаа. Олонхийн бүлэг Ерөнхийлөгчийн заалт дээр хуваагдмал байр суурьтай байгаагаа мэдээлсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа бид зөвхөн 2020 оны сонгуульд зориулсан өөрчлөлт оруулж болохгүй. Сүүлийн үед хараад байхад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал 2020 оны пиар болоод байгаад харамсаж байна. Тиймээс бид өнөөдөр тодорхой зарчмын саналуудаа байнгын хороо болон ажлын хэсэгт хүргүүлж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлт энэ улс орны хөгжлийг гацаасан асуудлыг засаж сайжруулж явах ёстой болохоос биш хэсэг улс төрчдийн сонгуулийн амбиц, байр суурийг илэрхийлж болохгүй шүү. 18 саналд тусгасан тодорхой хэдэн заалтыг танилцуулъя. Энд:

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой

-Засгийн газрын өрийн дээд хэмжээ ДНБ-ний 60 хувиас ихгүй байна

-Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно

-Баялгийг үндэсний аюулгүй байдлыг бататгах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг баталгаажуулах, иргэн бүрт шударга хүртээх зарчмаар баялгийн сан байгуулж ажиллана.Баялгийн сан нь төрийн бус байна.

-УИХ-ыг бүрдүүлэх сонгуулийн тонтолцоо холимон байх ёстой” гэлээ.  Тэрбээр мөн Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгаар батлахгүй бол АН Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарахад бэлэн байгаа гэдгийг мэдээллээ.