ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын бүлэг УИХ 99 гишүүнтэй байхыг дэмжлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-23

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим заалтыг хүлээн авахаар зөвшилцөлд хүрчээ. Тухайлбал, УИХ гишүүдийн тоог 99 болгох, сонгуулийг холимог системээр буюу 76 гишүүнийг мажоритар, үлдсэн 23-ыг нь намын жагсаалтаар сонгохыг бүлгийн гишүүдийн олонхи дэмжсэн байна. Мөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа таван жил байх гэсэн Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авсан байна. УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Үндсэн хуулийн 52 заалтад өөрчлөлт оруулах саналаас гадна Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, санал нь Үндсэн хуулийн 49 заалтад өөрчлөлт оруулахаар өргөн баригдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдаж, сайтар ярилцаж байгаад хоёр төслийн заалтуудыг нэгтгэсэн юм.

Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагаас хойш УИХ дахь МАН-ын бүлэг тогтмол хуралдаж байгаа юм. Сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, шүүх засаглалтай холбоотой дөрвөн асуудал үлдсэнийг дахин хэлэлцсээр байна.

УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцсэний эцэст УИХ 99 гишүүнтэй, 76:23 харьцаатай холимог, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг таван жилээр сонгогддог байхаар дэмжжээ.