ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Халхын голын дайн -80" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-23

ҮБХИС-д өнөөдөр "Халхын голын дайн -80" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Тус хуралд Батлан хамгаалах яам, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн тамгын газар, Зэвсэгт хүчний жанжин штабы, болон олон улсын төлөөлөл оролцож байгаа юм.

Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны түүхэн үйл явдал бол Халхын голын дайн юм. Халх голын дайны түүхт ойг угтан олон цуврал хурал хийж ирсэн ч дайн гарах болсон шалтгаан, нөхцөл, явц, төгсгөл, үр дүнгийн тухайд дайны хохирол, тэр ч байтугай нэрийдлийн талаар, тухайлбал дайн уу, байлдаан уу, хилийн мөргөлдөөн үү гэх мэт олон асуудлаар гадаад, дотоодын судлаачдын үзэл бодол өнөөг хүртэл зөрүүтэй байсаар байна.

Тиймээс дээрх асуудлаар эрдэмтэн судлаачдын хүрээнд санал солилцох, сүүлийн үеийн судалгааны үр дүнг хэлэлцэн эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах шаардлагатай гэж үзсэн аж. Мөн Халх голын дайнд оролцогч талууд болон бусад орны судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, судалгааны цаашдын чиг хандлагыг тодорхойлох үүднээс түүхт ялалтын ойг тэмдэглэх ажлын хүрээнд "Халхын голын дайн-80" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.