ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНСУ-ын Элчин сайдын яамнаас визийн асуудлаар мэдээлэл хийнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-24

 

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Түүний айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаа, визийн нөхцөл, монгол иргэд БНСУ-д зорчиход тулгардаг зарим саад бэрхшээлийг арилгах, хөнгөвчлөх зэрэг олон асуудлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан юм. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн нартай уулзаж, санал солилцсон байна.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, иргэд харилцан зорчиход үүсч буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан бөгөөд уулзалтаар хоёр орны иргэд харилцан зорчих, оршин суух нөхцлийг бүрдлүүлэх чиглэлээр, ялангуяа визийн шаардлагыг хөнгөвчлөх, визийн хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгах тал дээр тодорхой чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын “ХУР” мэдээллийн системийг ашигласнаар хууль бусаар оршин суух магадлал бага виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах боломжийг ойрын хугацаанд судлан хэрэгжүүлэх зэрэг нааштай үр дүнгүүд гарсан гэдгийг албаныхан хэлж байна.

Тэгвэл айлчлалын үр дүнгийн талаар Даваа гарагт буюу 2019 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 15.00 цагт БНСУ-ын Элчин сайдын яаман дээр хэвлэлийн хурал хийх юм байна.