ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тэрбишдагва: Өнөөдрийг хүртэл хөгжлийн бодлого сонгуульд зориулсан уриа байсан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-02

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж буй. Төслийн хүрээнд 150 гаруй зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулах юм. Тэгвэл баасан гарагийн хуралдаанаар хянан шалгах Түр хороо байгуулах тухай, Засгийн газрын өрийн хязгаарыг ДНБ-ний 60 хувьд хүргэх зэрэг хэд хэдэн саналуудыг хэлэлцлээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хянан шалгах Түр хороо байгуулах тухай заалтыг хэлэлцэв. Хянан шалгах түр хороо байгуулах талаар гэрч дуудаж тайлбар мэдээлэл авах, шинжээч томилох  гэх мэт заалтуудыг хасч, хуулийн биелэлттэй холбоотойгоор нийт гишүүдийн дөрөвний нэгийн дэмжлэг авбал цөөнхийн бүлгийн оролцоотойгоор хянан шалгах Түр хороо байгуулах заалт оруулж иржээ. Энэ заалтыг хэлэлцэх үед гишүүдийн дунд хамгийн их маргаан дагуулсан асуудал нь Түр хороо гэрч дуудаж, тайлбар мэдээлэл авах заалтыг  хассан асуудал байв.

Ингэснээр Түр хороо ямар ч хүчгүй билэгдэл төдий байгууллага болно гэж зарим гишүүд шүүмжлэлтэй хандав. Тухайлбал, Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гэрч дуудах, гэрчээс мэдээлэл, тайлбар авах, шинжээч томилох зэрэг заалтууд нь хасагдсанаар энэ хороо ямар ч үүрэггүй болно. Өөрөөр хэлбэл, бусад дэд хорооноос ялгагдахгүй болно. Хянан шалгах хороо байх ёстой, ялангуяа төрийн өндөр албан тушаалтантай холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгахад төвөгтэй байдаг. Энэ мэт хэрэгтэй заалтуудаа оруулж ирэхгүй бол Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй” гэж байв. Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүд  дүгнэлт гаргах, гэрч дуудах, шинжээч томилно гэсэн заалтыг хассан нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Тэд хянан шалгах Түр хороо нь шинжээч томилох, гэрч дуудаж тайлбар авах зэрэг эрхтэй байх нь улс төрийн төлөвшил сул байгаа энэ үед цэгийн чинээ асуудлыг уулын чинээ болгож, уулын чинээ зүйлийг цэгийн чинээ болгох эрсдэлтэй  гэж үзэн ийнхүү дээрх  заалтуудыг хассаныг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. 

Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоон батална” гэсэн заалт байв. Уг заалтыг гишүүдийн олонх нь дэмжиж, УИХ болон гишүүд хариуцлагатай байх тогтолцоог энэ заалт оруулж ирж байгаа гэдгийг онцлов. Хариуцлагын асуудал сул учраас төсөв тогтворгүй байдаг гэдгийг ч зарим гишүүд тодотгож байлаа. Уг заалтын талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэхдээ “УИХ олон жилийн турш Засгийн газраас оруулж ирсэн төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, зарлага өсгөдөг байдал бий болоод удаж байгаа. Зарлага, алдагдлын хэмжээг өөрчилж болохгүй гэсэн заалт оруулж ирж байгаа нь зөв. УИХ-ын гишүүнээс зарлага нэмэхээр бол орлогын эх үүсвэрийг тодорхой болгох шаардлага гарч байгаа юм. Төр, төсвийн хяналтыг Үндэсний аудитын байгууллага хийдэг. Олон жил Монгол Улсын хөгжлийн бодлого сонгуульд зориулсан, уриа лоозон мэт явж ирсэн. Энэ нь хөгжлийн төлөвлөлт хариуцсан төрийн захиргааны байгууллага байхгүй явж ирсний илрэл. Япон улс гэхэд тогтвортой хөгжилтэй орон. Японд Эдийн засаг, худалдааны яам гэж олон арван жил тогтвортой бодлого явуулдаг туршлагатай байгууллага бий. Гэтэл бидэнд ийм байгууллага байхгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд бодлого нь өөрчлөгдөж, тогтворгүй байгаад байна. Тиймээс энэ асуудлыг болж өгвөл суурь хуульдаа тусгах нь зөв” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 
 

Харин үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын өрийн хязгаарыг ДНБ-ний 60 хувьд хүргэх заалттай холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн олонхи нь өрийн дээд хэмжээг тогтоосон энэ заалтыг дэмсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Ардчилсан намаас оруулсан өрийн дээд хэмжээг тогтоох тухай санал зүйтэй  гэж үзэж байна. Засгийн газрын өрийн дээд хэмжээ хязгаартай байх нь хүү бага, төсөв нь зөв зохицуулалттай байдаг бусад орны туршлага байна. Гэтэл манай улсын өрийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад өндөр байгаа учраас энэхүү саналыг оруулж ирсэн байх. Үндсэн хууль тэр бүр гар хүрдэг хууль биш. Гэтэл нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг харахад Засгийн газрын өрийн дээд хязгаарыг тогтоох саналыг дэмжиж байна. Зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо хэд байх вэ гэдгийг хэлэлцэж шийдэх нь зөв. Улс эх орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн сахилга баттай байсан үед буюу тодорхой баримтлах хугацаа зааж өгсөн нь дээр болов уу гэж бодож байна. Урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлэхэд маш нарийн тооцсон хөгжлийн бодлого хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Засгийн газрын өрийн дээд хязгаарыг тогтоохтой холбоотой заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. 

Үүний дараа Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байлгах аливаа асуулгыг ард нийтийн санал асуулга явуулахгүй гэдэг заалтыг хэлэлцэв. Энэ талаар хэн юу хэлснийг тоймлон хүргэе. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналын нэг заалт нь энэ. Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байлгах аливаа асуулгыг ард нийтийн санал асуулга явуулахгүй гэдэг санаагаар энэ санал орж ирсэн. Тиймээс ажлын хэсэг найруулж, байрлалыг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн 25-р зүйлд оруулж өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Улсын тусгаар тогтнолтой холбоотой, газар нутагтай холбоотой заалт учраас дэмжиж байгаа. Харин өгүүлбэрийн хувьд бага зэрэг найруулга хийх шаардлага байна шүү гэдгийг анхаараарай. Ардчилсан намын зөвлөл зарчмын зөрүүтэй саналуудаа дэмжээд, татгалзаад явна. Сая АН-ын зөвлөлөөс оруулсан Засгийн газрын өрийн дээд хязгаарыг тогтоох саналд гишүүд хайхрамжгүй хандав уу гэж бодож байна. Ер нь бол өөрсдийн дэмжих санал дээр хүлээж, ирцээ бүрдүүлж санал хураалт явуулдаг, манай оруулж ирсэн саналууд дээр хайрамжгүй хандаж, зарим гишүүд оруулж ирээгүй байхад санал хураалт явууллаа, УИХ-ын дарга. Үйлдэл тань ярианаасаа зөрөөд байна шүү гэдгийг анхааруулмаар байна.