ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлалын зургаас

Б.ГАНЗОРИГ
2019-09-03

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр есдүгээр сарын 2-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр хүрэлцэн ирлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид, оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид угтан авч хүндэтгэл үзүүлэв. Улмаар 13.00 цагт Их жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэт зочноо ёслол төгөлдөр угтан авсан юм.