ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Дордохын долоон өөрчлөлтийг батлаагүй бол дарангуйлалд автчихсан байж мэдэх байсан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-05

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг нэг нам юм уу, намын бүлэг дангаараа хийдэг асуудал биш. Энэ бол жинхэнэ зөвшилцлийн үндсэнд явагддаг асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлтөд УИХ-д суудалтай АН-ын оролцоо гарцаагүй хэрэгтэй. Ерөнхийлөгчтэй ойлголцох асуудал гарцаагүй байх ёстой. Ойлголцсон асуудлаа олон нийтэд хүргэх нь гарцаагүй. Би энэ байр сууринд л байгаа. Бүх талуудад энэ байр сууриа илэрхийлсэн. 1999 оны дордохын долоон өөрчлөлт гэдэг  Ерөнхийлөгч эсрэг байхад хийчихсэн өөрчлөлт шүү дээ.

Гэхдээ тухайн үед УИХ-д суудалтай намууд ийм зүйл хийхээс өөр аргагүй гэж үзсэн учраас шууд л гарын үсэг зураад хийсэн өөрчлөлт. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах улс төрийн нөхцөл тийм амархан бүрддэг юм биш. Зөвшилцлийн замаар явагдахгүй бол батлагдах магадлал бага, батлагдсан ч дараа нь хэл ам  тасрахгүй. Дордохын долоон өөрчлөлт гэдэг парламентийн хямралыг бүрдүүлэх, нэг хүний дарангуйлал тогтохоос сэргийлсэн алхам байсан юм. Тэр долоон өөрчлөлтийг хийсэн болохоор өнөөдөр болсон болоогүй дарангуйллын биш замаар явж байна. Тэр долоон өөрчлөлтийг хийж чадаагүй байсан бол магадгүй аль хэдийн дарангуйлалд автчихсан байх байсан” гэв.