ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Дамба-Очир: Намыг мөнгө олох хэрэгсэл болгож байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-06

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн нэг хувиас доошгүй нь эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалтыг хэлэлцсэн юм.  Ерөнхийлөгчийн зүгээс нам байгуулах иргэдийн доод хязгаарыг 50 мянга дээр нэмэх нь нэг, АН-аас нийт хүн амын нэг хувь, МАН-аас сонгуулийн насны иргэдийн нэг хувь гэж оруулж ирсэн юм. Хүн амын нэг хувиас доошгүй нь эвлэлдэн нэгдэж нам байгуулна гэдэг нь шинэ улс төрийн хүчин гарч ирэх боломжийг хааж байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шүүмжлэв.

Тэд энэ заалтаар улс төрд хоёр намын ноёрхлыг тогтоох гэж байна хэмээн бухимдаж байлаа. Тэгвэл гишүүдийн олонх нь улс төрийн гажуудал, өнөөгийн үүссэн нөхцөл байдлын гол үндэс нь намын тогтолцоо хэмээн үзэж, нам байгуулах босгыг өндөр байлгах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байв. Улс төрд хууль бус үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг нам оруулж ирдэг учраас намын тогтолцоог өөрчилж, шалгуурыг өндөрсгөж байж улс төр цэвэршинэ гэдгийг ч зарим гишүүд онцолж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Намын төлөвшил, намын босго, түүнд тавигдах шаардлага үүрэг хариуцлага гэдэг зүйлийг зайлшгүй ярих ёстой. Улсын хэмжээнд 30 орчим нам байна. Зарим нь хаана юу хийж яваа нь ойлгомжгүй байдаг. Намыг мөнгө олдог хэрэгсэл болгосон ганц хүнтэй нам ч байна. Санхүүжилт нь тодорхойгүй намууд ч бий. Намуудын төлөвшлийн асуудлыг зайлшгүй ярих цаг нь болсон. 

Энэ үндсэн хуулиар намуудын босгыг тавих ёстой. Монгол Улсын цаашдын хөгжилд хэрэгтэй заалтыг эсэргүүцээд байх хэрэггүй гэж бодож байна” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол Улс олон ургалч үзэлтэй байя гэвэл борооны дараах мөөг шиг олон намтай байх хэрэггүй. Намын дотоод ардчилал гэдэг МАН-д л байна. Бусад намууд бүгд хувийн компани болчихсон. Намын дарга нь хариуцлага хүлээхээ больсон. Хэн мөнгөө төлнө тэр хөгжмөө сонсоно гэдэг зарчмаар явдаг. 

Тэгэхээр нам байгуулах гэж байгаа бол намын санхүүжилтийг маш тодорхой болгох ёстой. Сонгуулийн насны иргэдийн гэдгийг тодорхой болгох ёстой. 21 аймагт салбар нэгжгүй байна гэдгийг бид дэмжсэн. 20 мянган хүний дэмжлэг авч чадахгүй бол нам байгуулаад яах юм бэ. 800 хүнийг маш амархан бүрдүүлнэ. Нэг өдөр гарын үсэг цуглуулахад маш амархан байдгийг би мэднэ. Тиймээс босгыг нэмэгдүүлэх нь зөв” гэсэн юм. Ингээд уг заалтыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь буюу 59 гишүүн дэмжив. Үүний дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцүүлгээс хойшлуулаад байсан саналуудад бүлэг байр сууриа нэгтгэх үүднээс завсарлага авах санал гаргаснаар МАН-ын бүлэг завсарлага авснаар үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв. Харин үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхлэх ёстой байсан хэдий ч 16:15 цагт эхэлж, хэлэлцүүлгээс хойшлуулсан саналуудаар санал хураасан юм. Энэ үед гишүүдийн дунд нэлээд маргаан дэгдээсэн заалт нь байгалийн баялгийн хуваарилалттай холбоотой заалт байлаа.

Тодруулбал, “Монгол Улсад иргэдэд өмчлүүлсэнээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан, төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүйн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулсан, газрын хэвлийн үр өгөөжийг үндсэний баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрт тэгш шударга хүртээхэд чиглэнэ” гэж өөрчлөн найруулах саналд гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүдийн зүгээс гаргасан  “Баялгийн сан байгуулж, стратегийн ордын 51 доошгүй хувийг ард түмэнд өмчлүүлнэ” гэсэн өгүүлбэр нэмэх санал багагүй маргаан дагуулав. Стратегийн ордыг ард түмэнд өмчлүүлэх, эсвэл төрийн мэдэлд байлгах гэсэн асуудлаар гишүүд санал нэгдэхгүй байлаа. Ингээд дугаар шилжих мөчид буюу 20:00 цагт уг заалтыг хэлэлцсээр байсан юм.