ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж, О.Баасанхүү хоёрын байр суурь хэвээрээ юу

А.ОДСҮРЭН
2019-09-10

Өнөөдрийн УИХ-ын байж байгаа царай хэд хоног үргэлжилсэн борооны дараах малын хот шиг болжээ. Шээс шивтэр ханхалж, хашаан дахь хонь хурга цаанаа л нэг унхиа муутай, майлах мөөрөх нь ч туниагүй болчихдогтой яг ижил гэсэн үг. УИХ-ын гишүүдийн үг яриа, үйлдэл ядруу, чуулганы танхим ч хоосон оргиод нэг л биш. Эцэг хуульдаа өөрчлөлт оруулах эгзэгтэй цаг мөчид чуулганы хуралдаанд 76 хүн сууж байх ёстой атал, дөнгөн данган ирцээ бүрдүүлэн чуулган хуралдмар аядаж суугаа нь өнөөдрийн эмгэнэл. Бүлэг, байнгын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдана гэж үгүй. Ийм нөхцөлд ийм байдалд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яг өнөөдрийнх шиг өөх ч биш булчирхай ч биш маягаар хэлэлцсэн болоод өнгөрлөө. Ээлжит бус чуулган есдүгээр сарын 30-ныг хүртэл хуралдана. Юугаа хэлэлцэж хуйхаа маажна аа. 

Эцэг хуулийн өөрчлөлтөө ягштал хэлэл­цэж, баталж чадахгүй ард түмнээсээ санал асуулга явуулъя гээд гацчихаад байгаа парламентад ямар дүн тавих нь цаг хугацааны асуудал.

Эдний бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жил үлдлээ. Гурван жил хагасын хугацаанд үнэмлэхүй олон­хиороо УИХ-д суусан МАН-ын бүлэг хоёр, гурав хуваагдаж, АН-ын бүлэг жижиг сажиг асуудалд завсарлага авсаар. УИХ-ын гишүүд нь бохь, боов, бандаашны хэрүүлээр өдрийг өнгөрөөж, ЖДҮХС-гийн зээл, 60 тэрбумаар барьцаалагдаж, шахаанд орсон жил сарууд өнгөрлөө. Одоо үргэлжлээд авто замын түгжрэл, агаарын бохирдол, гэр хорооллын утаа яригдана. Ямар ч шийдэлгүй нэгэн эриний дөрвөн жил ямар ч үр ашиггүй өнгөрлөө гэсэн үг. 

Монголын парламентын түүхэн дэх хамгийн муу, хамгийн чадамжгүй УИХ энэ удаагийнх байх. Нэг гишүүнээ зүй бусаар явуул­чихаад нөхөөд шинэ хүн сонгуулчихаж чадахгүй ийм УИХ байгаад ч яах билээ. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хүртэх ёс­той зээлийг банк бус бай­гуул­лагадаа, хувийн бизнестээ авчихсан УИХ-ын 50 гаруй гишүүний нэр яригдаж, эхлээд 10 гаруй нь хууль шүүхийн хаалга татах дээрээ тулаад, одоо 2-3 нь тунаж үлдсэн гэдэг нь үнэний ортой. Нэр нь нэгэнт хугарсан л бол УИХ-д гишүүн гэж суух нүүр уг нь баймааргүй.  Ширэн нүүрлээд сууцгааж л байна. УИХ тар гэдэг үгийг жирийн иргэдээс эхлээд төрийн тэргүүн нь хүртэл сануулсаар байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хэлэлцэж чадахгүй, ихэнх саналуудаа унагасан тул УИХ-ын дарга хэлсэн үгэндээ хүрч УИХ-аа тараах шийдвэрийг Төрийн тэргүүн, Ерөнхий сайдтайгаа зөвшилцөөд гаргах нь өнөө маргаашийн асуудал.  Одоогийн УИХ-ын дарга өмнө нь бүрэн эрхээсээ хуулийн шахалтаар татгалзах шах­сан гашуун түүхтэй, бас сургамжтай. Тиймээс тэр чадна. УИХ тарвал, Үнд­сэн хуулийнхаа нэмэлт өөрч­лөл­тийг зөв зүйгээр нь хэлэлцээд баталчихвал өөрсдөө баараг­гүй тарж, дараагийн сонгууль зарлагдаж, магадгүй карьер нь дуусчих байх гэсэн айдастай гишүүд чуулгандаа суухгүй зугтаж гүйгээд л. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэж заасан байдаг тул асуудал алга.  Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 12 дугаар зүйлд “Монголын ард түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргана” мөн “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ эрхээ эдлэхэд хэн ч, юу ч саад болохгүй.  Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийг УИХ огц­руулах боломжтой гэж ярьж болох ч тийм нөхцөл боломж байхгүй, болдоггүй гэдгийг өмнөх Ерөнхийлөгчид тохиолдсон үйл явдал харуулдаг.  

Энэ удаагийн УИХ өөрсдөө тарах ёстой гэсэн Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ц.Ням­дорж, Ж.Энхбаяр, О.Баасан­хүү, С.Эрдэнэ, Д.Хаян­хярваа, Д.Тэр­биш­дагва нарын гишүүдийн байр суурь өнөөдөр хэвээрээ байгаа юу. Тэдэн дээр нэмэгдсэн, адилхан байр суурьтай гишүүд байна уу. Дахиад сонгууль болсон ч сонгогдоно гэсэн итгэлтэй УИХ-ын гишүүн хэд байна. Учир утгаа алдсан УИХ-ын танхимд суух хүсэл сонирхол алга аа гээд хаалгыг нь саваад гараад явах улстөрч, түшээ  хэн, хэн байна. ЖДҮХС-гийн зээлээс хумсалсан 50 гаруй гишүүнээс тал хувь нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулъя гэж байсан нь яг үнэн үү. Тийм бол тэдэнд УИХ-ын танхимаас явах уу гэж асууя. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээсээ татгалзах эр зориг хэнээс нь гарах бол. 1990 оноос хойшхи Монголын парламентын түүхэнд бүрэн эрхээсээ татгалзсан хоёрхон хүн бий. Нэг нь Ц.Элбэгдорж. Тэр улсын нууц задруулсан хэрэгт шалгагдаж байхдаа өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байсан бол Улсын бага хурлын гишүүн Б.Дамдин алдарт 20 дугаар тогтоолыг гарахыг урьтаж мэдээд дэлгүүрээс их хэмжээний юм худалдаж авсан нь илэрч, УБХ-ын гишүүний эрхээсээ сайн дураараа татгалзсан байдаг. Харин хууль шүүхийн байгууллагын шахалтаар найман хүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан байдаг. Тухайлбал, казиногийн хэргээр Д.Энхбаатар, Д.Бат­тулга, С.Батчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж ял эдлүүлсэн бол У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарыг УИХ авч үлдсэн байдаг. Ийм жишгээр УИХ өмгөөлөлдөө авч үлдсэн 3-4 гишүүн бий. 

Энэ бүхнийг дурсахын учир УИХ-ын гишүүд өнөөдөр эдэлж байгаа эрх ямбаа ирээдүйн нэр төртэйгөө хамт авч үлдэхийн тулд улс төрийн эр зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах ёстой. Өөртөө итгэж байгаа л бол таныг эргүүлээд УИХ-д сонгочих ухаан сонгогчдод бий.