ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын бүлэг: Засаглалын хэлбэрээр санал хураахыг дэмжихгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-10

Хуваарь ёсоор өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсаны дараа чуулган хуралдах байсан. Гэвч чуулганыг хуралдуулахгүйгээр МАН-ын бүлэг хуралдах нөхцөл байдал үүссэн юм.  Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулж буй өөрийн саналуудыг татаж буйгаа мэдэгдсэн. Шалтгаан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг үр дүнгүй болсонтой холбоотой гэж тайлбарлаж буй. Нэгэнтээ саналаа татаж авсан учир хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа Ард нийтээс авах санал асуулгаар засаглалын хэлбэрийг асуух хэрэгтэй гэдэг саналыг ч гаргасан юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу эсвэл парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээс асууя гэсэн юм.

Энэ мэт нөхцөл байдлаас үүдэн өчигдөр үдээс хойш МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Бүлгийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоогүй харин УИХ-ын дарга Г.Занданшатар оролцсон байна. Тус бүлэг ард нийтээс асуух асуултад засаглалын хэлбэрийг оруулж болохгүй гэдэгт 100 хувь саналд нэгджээ.  Мөн Ерөнхийлөгчийн саналаас гадна УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы "Төр нийтийн өмч ард түмний мэдэлд байхтай холбоотой заалт болох "Стратегийн ордын 51 хувийг төр эзэмшихээс гадна рояалти татвар авах боломж байна" гэх асуудлыг хэлэлцжээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы уг саналыг 20 орчим гишүүн дэмжиж гарын үсгээ зураад байгаа аж. Тиймээс ажлын хэсэг гарган судлуулахаар болжээ.