ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Та Үндсэн хуулиа уншсан уу?

O.Admin
2019-09-12

УИХ-ын гишүүдээс  1992 онд батлагдсан эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  Монгол Улсын Үндсэн хуулийг бүрэн эхээр нь мэдэх үү, уншиж үзсэн үү гэсэн асуултад байр суурийг нь сонирхлоо. Цаашид ҮХНӨ-тэй холбогдуулан гишүүдийн байр суурийг цувралаар хүргэх болно. Ингээд хариултыг ямар ч нэмэлт хачиргүйгээр уншигч танд хүргэе. 

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: 

-1994 онд төрийн албаны шалгалт өгөхөөр анх удаа уншиж байсан. Дараа нь Төрийн нарийн болохдоо бүрэн эхээр нь уншсан. Одоо бол элчин сайдуудыг нэр дэвшүүлэх  ажлын шаардлагаар холбогдох зүйл, заалтыг тогтмол хардаг.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Юу асуугаад байгаа юм бэ. Би яараад байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Үндсэн хуулийг байнга уншдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үед зүйл, заалт бүрээр нь уншсан. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Үндсэн хуулийг сургуульд байхдаа би цээжилчихсэн. Хуулийн сургуульд хамгийн эхэнд Үндсэн хуулийг цээжлэх ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Юун сонин зүйл асуудаг юм бэ. Уншиж үзээгүй хүн бараг байхгүй биз дээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганболд:

-Уншихгүй яах вэ дээ. Монгол хүн бүрийн унших, мэдэх ёстой хуулийн хамгийн том гарын авлага.

УИХ-ын гишүүн Д.Элдэв-Очир: 

-Чин үнэнийг  хэлэхэд бүрэн эхээр нь энэ жил уншсан. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийн төслийг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон ажлын хэсгүүдэд хүргүүлсэн. Нэмэлт өөрчлөлтийн төслийг өгөхийн тулд шинээр өргөн барьж байгаа зүйл заалтууд болон хуучин Үндсэн хуулийг бүрэн уншиж судалсан. Үүнээс өмнө гол, гол заалтуудыг сөхөж хардаг байсан. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

-Ер нь гишүүд гарын авлага маягаар өдөр бүр сөхөж харах шаардлага гардаг. Бүрэн уншсан нь 2005 он. Энэ үед би төрийн албаны шалгалтад бэлтгэж үг үсэггүй уншиж байсан юм. Төрийн албаны шалгалтад Үндсэн хууль уншаагүй хүн орох боломжгүй шүү дээ. Түүнээс хойш ширээний ном байдлаар хэрэглэж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал ярьж эхлэх үеэс байнга уншиж байна. Нуух юм байхгүй. Бүрэн эхээр нь энэ жил уншсан. Гэхдээ 2016 онд нэлээд эргүүлж, тойруулж байсан.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 

-Уншиж үзэлгүй яадаг юм бэ. Хүн сонжсон юм шиг юун сонин зүйл асуудаг юм бэ. Хэдэн удаа уншиж байгаагаа тоолоод сууж байх юм уу. Та нар ийм сонин зүйл асууж явахаа боль.  

 

Б.Пүрэвжав 
Х.Болор