ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ААЯА

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-12

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ангийн найз гэх Н.Баярсайхан МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний авлига авсан нь олон нийтэд ил болсон. Тэрбээр авсан хахууль болгоноосоо Ааяад тэдэн төгрөг, тэдэн хувийг өглөө хэмээн тэмдэглэж байсан гэх. Тэгвэл авлигаас хувь хүртэгч Ааяа гэгч нь түүний ангийн анд, нэгэн цагт тус газрын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад удав.

Эрхэм гишүүнийг ойр дотныхон нь Ааяа гэж дууддаг болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гэвч авлигаас хувь хүртэгч Ааяа биш хэмээн үгүйсгэж  буй. Ямартай ч Н.Баярсайханы Ааяа хэмээн дотночлон дууддаг хэн нэгэн авсан авлигаас нь  хуваалцдаг байсан гэдэг нь тодорхой боллоо. Чухам ангийн найз Ааяа мөн үү гэдэг л олны анхаарлын төвд байна. Ангийн найз нь авлигын хэрэгт холбогдож, асуудал бишдэхэд Ш.Раднаасэдийн сэдсэн Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд оруулсан өөрчлөлт Н.Баярсайханд давуу тал болсон нь гайхмаар хачин тохиолдол байв. Ш.Раднаасэд гишүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсны ачаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, ангийн найзынх нь авлигын хэрэг хаагдсан нь олны буримдлыг төрүүлээд байсан.

Гэвч булавч бултайна, даравч далдайна гэдэгчлэн хэргийг дахин сөхөж, анхан шатны шүүх хурлын шийдвэр буюу уг хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгожээ. Авлига хуваалцагч Ааяа гэгч өөрийгөө биш гэдгийг  мэдээлэхдээ “Намайг ойр дотныхон маань Ааяа гэж дууддаг нь үнэн. Надад сэтгүүлчдэд тараагаад байх мөнгө байхгүй” гэв. Энэ үгээрээ тэр Монголын хэвлэл мэдээллийн салбарыг бүхэлд нь доромжиллоо. Өөрийгөө ч асуудлыг мөнгөөр шийддэг хүн гэж харагдахад хүргэв. Олны анхаарлын төвд байгаа асуудлыг тодруулж асуусан болохоос биш эрхэм гишүүнээс мөнгө нэхээгүй байлтай. Хэрэв тийм асуудал бий бол хэн гэдэг, ямар сэтгүүлч түүнээс мөнгө нэхсэн бэ гэдгийг хэлэх ёстой болов уу. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэдэг салбарыг салбар нийтээр нь доромжилчихоод хээв нэг зогсож байхыг хэлэхгүй биз ээ.

Түүний хэвлэл рүү дайрсан энэ доромжлол анхных биш юм. Өмнө нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой  асуудлаар нийгэм ид шуугиж байх үед тэрбээр мөн л сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Сэтгүүлчдэд өгөх мөнгө надад байхгүй” гэх үгийг хариултдаа хавчуулж байсан удаатай. Үүнээс үзэхэд ерөөс асуудлыг мөнгөөр шийддэг гэх ойлголт түүнд тогтсон бололтой гэж дүгнэхэд хүргэж байгааг нуух юун. Асуудлыг мөнгө тараахтай холбон ярих түүний хариулт эргэлзээг улам бүр төрүүлэх. Олон түмэнд үнэнийг олж мэдээлэх үүргийнхээ дагуу асуулт асуусны төлөө бүхэл бүтэн нийгмийн нэгэн салбарын бүхэлд нь доош нь хийж байгаа тань ордны нөхдийн тань хэлдгээр үнэхээр “коммунист” байлаа шүү, гишүүн ээ. Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа бараг л шүүгчийн үүрэг гүйцэтгэчих гээд байсан түүнийг ямаршуухан “коммунист” вэ гэдгийг “ангийнхан” нь хангалттай мэдэрч, түүнд “помбогор коммунист” гэх нэрийг хүртэл зүүлгээд байсныг олон түмэн мартаагүй юм.