ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ноён уул төрийн мэдэлд очлоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-12

Засгийн газрын хуралдаанаар  өчигдөр хамгийн чухал шийдвэрийг гаргав. Тодруулбал, Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгох шийдвэр байлаа. Энэ шийдвэр олон түмний магнайг тэнийлгэж байгаа  байх. Бид түүх, соёлынхоо хамгийн том өвийн нэгээхэн хэсгийг  хамгаалж чадлаа.  Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм. Ноён уулыг анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бол 2015 онд уг жагсаалтаас хасч хилийн заагийг өөрчлөн тогтоосон байжээ. Шийдвэрийг мөн онд  цуцалж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-аас санал гаргаж  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 11187.05 га газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум дахь 650.0 га газрыг дурсгалт газрын ангиллаар тус тус УИХ-ын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад дахин авч байсан түүхтэй.  

Байгалийн нөөц, ашигт малтмал бүхий мөн археологийн онцгой ач холбогдолтой энэхүү дурсгалт газрын хилийн заагийг дахин өргөтгөх,  ангиллыг ахиулж, улсын дархан цаазат газар болгож, Ноён уул орчимд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн Ноён уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт гэсэн гурван  аманд нийт 230 орчим Хүннү булш бий. Дурсгалт газрын ихэнхи булш газрын өнгөн хөрсөнд  ил цухуйх дөрвөлжин хэлбэрийн гол бай­гууламж, түү­ний өмнө талд зал­гуу­лан бай­гуул­сан урт гонз­гой үүдэвч­тэй Хүннүгийн яз­гуурт­ны булшнууд юм.  Нийт 1500 орчим булш бий гэж үздэг билээ. Энэхүү шийдвэр нь түүхийн дурсгалт газраа зандалчдын савраас хамгаалсан хамгийн чухал, хамгийн том хамгаалалт байж чадав. Сонирхуулахад “2015 оны нэгдүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын алтны үндсэн ордыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталжээ.  

Харин 2015 оны хоёрдугаар сарын 18 нд УИХ-ын чуулганаар Гацууртын ордыг ухах эсэх та­лаар санал хураахад 48 гишүү­нээс  26 нь ашиглахыг эсэр­гүү­цэж, 22 нь зүйтэй гэж үзэж байжээ. /Ж.Батсуурь, Л.Гантөмөр, Су. Батболд, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Н.Номтойбаяр,  Б.Чойжил­сүрэн,  Ч.Хүрэлбаатар /гэх мэт  гишүүд дэмжиж байсан байна. Мөн 2015 оны  зургадугаар сарын 05-нд “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн  Гацууртын ордын 66 хувийг “Сентерра гоулд Монголиа” ХХК, 34 хувийг Монголын төр эзэмшихээр болж,  нийт 9-10 жил  алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдаж байж.  Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болно хэмээн үзэж байжээ.