ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН: Ард нийтийн дунд санал асуулга явуулах гэж байгаа төслийг бүрэн үгүйсгэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-12

АН-ын удирдлагууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард нийтийн дунд санал асуулга явуулах асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэхдээ “Үндсэн хуулийн эхэд дүгнэлт гаргах, ард нийтийн санал асуулгыг ямар эхээр явуулах талаар тодорхой шийдэл гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээс гарсан төслийг бид бүрэн үгүйсгэж байгаа. Гол саналууд бүгд унасан. Анхны зорилтоосоо ухарсан өөрчлөлт болсон. Хоёрдугаар хэлэлцүүлгийн төсөл шаардлага хангасан төсөл биш гэж үзэж байгаа учраас уг төслөөр санал асуулга явуулахын эсрэг байр суурийг илэрхийлнэ.

Асуудлыг мухардалд оруулахгүйн үүднээс санал асуулгын загвар эх нь ямар байх вэ, ямар хүрээнд явуулах вэ гэдгийг судалж эрх баригчидтай зөвшилцөх зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж байгаа. Дэд даргаар хуульч, Х.Тэмүүжин нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг юм. Ажлыг хэсгийн үндсэн үүрэг нь ард нийтийн санал асуулгын эх загварыг эх баригчидтай зөвшилцөж боловсруулах, аль болох зөвшилцөлд хүрэхийн төлөө ажиллах юм” гэв. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Санал асуулгын төслийг өчигдрийн чуулганы хуралдаанаар баталчихсан.  АН санал гаргаж, ажлын хэсэг байгуулснаар өөрчлөгдөх боломжтой юу?

-Хоёрдугаар хэлэлцүүлгээс гарсан, ард нийтийн дунд санал асуулга явуулна гээд байгаа төслийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв эрх баригч нам хүч түрээд санал асуулгыг явуулна гэвэл АН оролцохгүй гэдгийг мэдэгдэе. Зөвшилцөөд, нийгмийн хүлээлтийг хангасан хэмжээний өөрчлөлтийг оруулна гэвэл бид хамтарна.