ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: Дүүжин тээвэр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох боломжтой

O.Admin
2019-09-13

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн замын түгжрэл, нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулах асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Улаанбаатар хотод одоо 980 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Үүний 80 гаруй хувь нь энэ оны намар гэхэд хугацаа нь дуусна.

Тэгэхээр 2020 оноос өмнө нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Хоёрдугаарт, метро барина гэх мэтээр сэтгэлийн хөөрлөөр асуудлыг ярихгүй. Хүн амын бүтэц, газар нутгийн байршил, амьдарч байгаа орчинтойгоо зохицуулаад хэд хэдэн шинэчлэл хийхээр ярилцаж байгаа.

Баруунаас зүүн тийшээ богино хугацаанд хурдан барих боломжтой агаарын дүүжин тээврийн ТЭЗҮ-г боловсруулаад дуусч байна. Нийтийн тээвэр байтугай такси ч очдоггүй газруудад барина. Ойрын үед тэгш, сондгойгоор явах асуудлыг судалж эхэллээ. Мөн зарим нэг урсгал нэмэх, нэг чигийн урсгалтай болгох, хашаа хашлагыг чөлөөлөх, сэтгэх зэргээр ажлууд хийгдэнэ. Мөн Энхтайвны гүүрийн урсгалыг нэмэгдүүлэх үүднээс нүхэн гарц хийнэ. ТЭЗҮ-гээ хийгээд захиалагчаа олчихвол ирэх оны хоёрдугаар улиралд агаарын дүүжин тээврийг ашиглалтад оруулах боломжтой” гэлээ. Мөн НЗДТГ-ын зүгээс энэ өвөл худалдаанд гарахаар зэхэж буй түлшийг олон янзаар туршиж байгаа бөгөөд түгээх цэг болон дундын цэгээр түгээж эхэлсэн гэдгийг мэдэгдлээ.