УИХ-ын гишүүн З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улс ардчиллын замд ороод 30 жилийг үджээ. Энэ хугацаанд бид юуг авч үлдэж, юуг алдсан гэж боддог вэ?
-Бид 30 жилийн өмнө ардчиллыг нийгмийн хөгжлийнхөө чиг болгож явъя гэж шийдсэн. Ингээд 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг баталсан байдаг. Энэ хуульдаа бидний байгуулах нийгэм хүмүүнлэг, энэрэнгүй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, чөлөөт өрсөлдөөнд тулгуурласан, зах зээлийн эдийн засагтай нийгэм байна гэж тодорхойлсон. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл бүгд найрамдах улс байж төрийн эрх барих дээд байгууллага нь бүх ард түмнээс сонгогдсон төлөөллөөс бүрдэх парламент байна гэж тодорхойлсон. Иргэн бүрийнхээ суурь эрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулж, амьд явах, сурч боловсрох, чөлөөтэй хөдөлмөр эрхлэх, хөрөнгө эзэмших гэх мэт олон асуудлыг хуулиар баталгаажуулсан. Ингэснээр хүн бүр өөрийн хичээл зүтгэлээр хүссэнээрээ амьдрах эрх чөлөө, боломжийг олгосон нь өнгөрсөн 30 жилийн хамгийн том ололт. Бид өнөөдөр хэвлэн нийтлэх, үг хэлэх, зорчих, зугаалах эрхтэй байна. Өөрөө л чадаж байвал бүх зүйл бидний өмнө нээлттэй байна. Бидний хамгийн том амжилт энэ. Харамсалтай нь ардчиллын замын эхэнд зогсож байхдаа хүн бүрийн хүсч байсан боломжууд тэр бүр эерэг сайн үр дүнд хүрсэн үү гэвэл үгүй. Гэхдээ энэ нь ардчиллын буруу биш. Ардчиллыг хөгжүүлж, байнга тордож, нийгмийн харилцааныхаа бүх хэсэгт хэвшил болгоно гэдэг өөрөө маш удаан процесс. Энэ бол зөвхөн АН-ын болон ардчиллын үнэт зүйлсийг ярьдаг хэдхэн хүний ажил биш. Энэ нийгмийг байгуулахын төлөө ард түмнээс эрх авч сонгогдсон бүхий л улс төрийн хүчнүүдийн хийх ёстой ажил. Хүлээсэн үүрэг. Надтай ардчиллын талаар яриад зогсож байгаа та бол төрөхдөө л ардчиллын үнэт зүйл хүлээн зөвшөөрөгдсөн нийгэмд төрсөн азтай хүмүүсийн нэг. Ардчиллаас өмнө төрсөн хүмүүс бол тийм байсангүй. Хувийн өмчгүй, хаа нэг тийшээ явах бол зөвшөөрөл авдаг, гадаад паспортгүй гэх мэт өнөөгийн залуус ойлгохын аргагүй нийгмээс өнөөгийн нийгэмд шилжсэн. Энэ шилжилтийн хугацааг аль болох богиносгох, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг иргэн бүртээ тэгш хүртээхийн төлөө улс төрийн намууд, эрх баригчдын хичээл зүтгэл хамгийн чухал. Хувийн өмчийг дээдэлж, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн бид хүрсэн хүрсэн амжилтаасаа ухарч, хоёр нам дангаараа ноёлсон Үндсэн хуулийн өөрчлөлт хийж болохгүй. Иргэдийнхээ хөдөлмөрлөж олсон өмчийг хэдий хууль бус үйлдэл гаргасан байлаа ч гэм буруутайг нь шүүх байгууллагаас давж, төр нь хурааж авдаг байж хэрхэвч болохгүй. Ардчиллынхаа үнэт зүйлээс ухарч болохгүй. Харин үүнийгээ нийт олондоо хүртээлтэй, сайн сайхан амьдрах боломж болгож хувиргах хэрэгтэй юм.
-Ардчиллын замын эхэнд зогсож байхдаа хүсч байсан тэр хүлээлтдээ хүрч чадсан болов уу?
-Ардчилсан нийгэмд шилжихдээ хүн бүрт сайн сайхан амьдрах боломжийг эрх тэгш олгохыг зорьсон. Харамсалтай нь өмч хөрөнгө эзэмших боломж хүн бүрд адил, тэгш биш байна. Мэдээлэл хүн хэнд тэгш очих боломж байгаагүй учраас мэдээлэлд ойрхон байсан хүмүүс нь илүү их баялаг, илүү их өмч авснаас нийгмийн ялгарал тэнгэр газар шиг болчихлоо. Энэ бол бидний өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа. Эдийн засгийн харилцаа нийгмийн бусад давхаргын суурь болдог учраас алдааг засахгүйгээр цаашаа ардчиллыг төгөлдөржүүлэх, баталгаажуулах тухай ярихад хэцүү. Тиймээс засаг төрийн бодлого тууштай, тогтвортой байх ёстой. Засгийн газар болон УИХ-ын хяналт, тэнцэл харилцан уялдаатай ажиллахыг хангах гэж сүүлийн 10 гаруй жил улс төрийн хүчнүүд маш хүнд бэрхшээл дунд улс төрийн үйл ажиллагааг явуулж байна. Парламентаасаа хэт хараат болсон Гүйцэтгэх засаглал хамгийн уртдаа 1.8 жил болж байгаа. Бусад үед үргэлж халаа, сэлгээ, улс төрийн томилгооны асуудал яригдаж байгаа нь бидний хамгийн том алдааны нэг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ алдаагаа засаж, засаглалын хэлбэрээ зөв оруулъя гэж хэчнээн чармайсан ч харамсалтай нь хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа хүссэн үр дүнд хүрч чадахуйц төсөл болсонгүй. Тиймээс улс төрийн намууд хамтарч, ололт амжилтдаа санал нэгдэж, зөвшилцөж байж нийгмийнхээ хөгжлийн чөдөрийг тайлах хэрэгтэй юм.
-Хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнгээс Үндсэн хуулийг өөрчлөх шалтгаан үлдсэнгүй гэж байсан?
-Үндсэн хулийг өөрчлөх гурван том шалтгаан байсан. Нэгдүгээрт, баялгийн тэгш хуваарилалт. Баялаг дагасан эрх мэдлийн тэнцвэргүй байдлын заагийг ойртуулах үндсэн зарчмыг Үндсэн хуульдаа зайлшгүй оруулах ёстой байсан. Үүндээ тодорхой хэмжээгээр хүрч чадлаа. Хоёр дахь том шалтгаан нь УИХ, Гүйцэтгэх засаглал хоёр аль алинаасаа хамааралгүй, харилцан бие биедээ хяналт тавих тэнцвэртэй байдлыг хамгаалах шаардлагатай байсан. Харамсалтай нь Гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу Ерөнхий сайд УИХ-аас ганцаараа сонгогдож, танхимынхаа бусад гишүүдийг гаднаас, мэргэжлийн хүмүүсээр өөрөө бүрдүүлдэг хараат бус бие даасан байх баталгааг нь хангаж чадсангүй. Мөн шүүхийн хараат бус байдал буюу шударга бус явдлыг бүх шатанд хаах оролдлогыг хийсэн боловч мөн л чадсангүй.
-Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл ардчилсан нийгмийг улам төгөлдөржүүлэхийг хангасан төсөл болж чадаагүй гэж ойлгож байна?
-Хоёрдугаар хэлэлцүүлгээс гарч ирсэн төслийг анхааралтай уншвал зарим нэг жижиг хэмжээний дэвшилттэй заалтууд бий. Үүнийг үгүйсгэхгүй. Үндсэн хуулийг өөрчлөхөд хүргэсэн суурь шалтгаанаа л хангаж чадаагүй юм. Анх тавьсан зорилгоосоо хазайсан гэсэн үг.
-Ардчиллын замд нэг гараанаас эхэлсэн бусад улс орнуудтай харьцуулахад манай улс нэлээд хойгуур байр эзэлдэг гэж байна. Шалтгааныг нь юу гэж харж байна вэ?
-Нэг гараанаас эхэлсэн улсуудаас бүх талаараа хангалтгүй үзүүлэлттэй байна гэдэгт санал нийлэхгүй. 28 орноос 22-т орж байгаа нь мэдээж хангалтгүй. Гэхдээ энэ нь Монгол Улс ардчиллын замд орсноор муу хөгжиж байгаа хэрэг биш шүү дээ. Хөгжлийг хойш татах тодорхой хэдхэн үзүүлэлт байгаа юм. Хүний эрх, эрх чөлөө талаараа нэлээн дээгүүрт явдаг. Харин эдийн засгийн байдал, бизнесийн орчин зэрэг хэдхэн үзүүлэлт бидний байрыг хойш нь татаж байгаа. Тэгэхээр юугаараа хоцроод, юугаараа амжилттай байна вэ гэдгээ оношлох хэрэгтэй. Ямар үзүүлэлтээр хойно яваад байна вэ гэхээр нэгдүгээрт, авлигын асуудал байгаа юм. Авлигатай тэмцэх механизм сул байна гэсэн үг. Хоёрдугаарт, иргэдийн улс төрийн боловсрол, улс төрийн соёлын асуудлаар нэлээн хойгуурт ордог юм билээ. Өнгөрсөн 30 жилд улс төрийн тогтолцоо буюу институцийг төлөвшүүлэхдээ илүү анхаарсан мөртлөө иргэдийнхээ улс төрийн боловсрол, мэдлэг олгох талаар анхаарал сул байжээ гэдгийг энэ үзүүлэлт харуулж байгаа юм. Ардчилсан дэглэм гэдэг ардчилсан иргэнгүйгээр орших боломжгүй. Үүнийг л анхааралдаа авах хэрэгтэй байгаа юм. Ардчиллын үнэ цэнийг мэддэг, ардчилал гэдгээ ойлгодог иргэнийг бий болгох хэрэгтэй. Ардчиллын үнэ цэнийг мэдрээгүй, хонхны дууг мэдэхгүй шинэ залуу үеийнхэн улс төрд орж ирж байгаа өнөө цагт чухал асуудал.
-Ардчиллын үнэ цэнийг мэдрээгүй залуу үеийнхэн улс төрд орж эхэллээ гэж байна. Тэгэхээр ардчиллын цаашдын хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Тайван замаар шилжсэн Монголын ардчилал цаашид ч улам хөгжиж, сонгодог хэв маягаа олно гэдэгт итгэдэг. Ингэхийн тулд зарим нэг эрх зүйн зохицуулалтыг заавал хийх шаардлагатай гэж хардаг. Тухайлбал, улс төрийн авлигыг хэрхэн багасгах вэ, намуудын санхүүжилтийг хэрхэн ил тод болгох вэ, улс төрийг бизнесийн бүлэглэлүүдээс хэрхэн холдуулах вэ гэх мэт хийх ажил их байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн нэг дэвшилттэй заалт нь намуудын санхүүжилтийг харьцангүй эрүүл, ил тод болгох заалт юм. Үүнийг нэлээд олзуурхаж байгаа. Үүнийгээ цааш нь намын тухай хууль болон сонгуулийн тухай хуулиараа баталгаажуулаад явах ёстой.