ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Шинэ давалгаа" чуулган говийн бүсэд зохион байгуулагдана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-17

Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд энэ оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд говийн бүсийн ардчилсан залуусын “ШИНЭ ДАВАЛГАА” чуулган есдүгээр  сарын 20-22-ны өдрүүдэд Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт зохион байгуулагдах гэж байна. Говийн бүсийн чуулганд Өмнөговь, Дорноговь, Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай дүүргийн ардчилсан залуусын төлөөлөл оролцох юм.

Говь нутагт Тавантолгой, Оюутолгой, Нарийнсухайт зэрэг стратегийн ач холбогдол бүхий орд газрууд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалт нэмэгдэж, эдийн засаг тэлж байна. Гэвч уул уурхайн компаниудын  зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалсан байгаль орчны асуудал, иргэдийн  эрүүл мэнд, боловсрол, хүн амын төвлөрөл, гэмт хэрэг, архидалт зэрэг говь нутагт тулгамдаад буй олон асуудал гарц, шийдлээ хүлээсээр байгаа.

Тиймээс ч орон нутгийн хөгжил,  иргэдийн оролцоо, боловсрол, ажил эрхлэлт зэрэг олон асуудлын эргэн тойронд залуус ярилцаж, санал бодлоо солилцохоор зэхэж байна.  Үүний зэрэгцээ чуулганы үеэр Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалтууд,  нутаг, нутгийн хоолны соёлыг илтгэсэн “FOOD FESTIVAL”, илтгэлийн тэмцээн, спортын наадам зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдах юм.