ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Энхбаяр: Ээлжит бус сонгуулийг Рио Тинтогийн захиалгаар явуулах гэж байж магадгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-19

МАХН-ын удирдлагууд өнөөгийн УИХ төр барих ёс зүйн чадамжгүй тул тарах ёстой хэмээн шаардах бичиг хүргүүлж байгаа талаар өнөөдөр мэдээллээ. Энэ талаар тус намын дарга Н.Энхбаяр хэлэхдээ “Өнөөгийн УИХ ажиллах чадамжгүй гэдэг нь өдөр хоног өнгөрөх тусам батлагдаж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт хууль бус зүйл болсон. Хууль бус зүйл хийсэн хариуцлагаас бултахын тулд ард түмнээс санал асууна гэж байна. Ард түмнийг хам хэрэгтэн болгох гэж байна.  Тиймээс УИХ тарах нь зөв. Өөрсдийнх нь хууль бус асуудлуудыг хэлэлцэх учраас үүнээс бултаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг зүйлийг барьж авсан.

Яагаад гэвэл Үндсэн хууль хэлэлцэж байх үед өөр асуудал хэлэлцэхгүй гэдэг хуультай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ард түмний эсрэг үйл ажиллагаа болсон. Дубайн гэрээг МАН, АН хоёр нийлж хийсэн. Энэ гэрээг засаж сайжруулах талаар хэлэлцэхгүйн тулд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн барьж авсан. Гадаадын гар хөл болсон хүмүүс ээлжит бус сонгуулийг Рио Тинтогийн захиалгаар явуулах гэж байж магадгүй. “Оюу толгойн гэрээ”-г хэлэлцүүлэхгүйн тулд ард түмний анхаарлыг өөр тийш нь татаж байна. Сонгууль гэж байтал өвөл болж, утааны асуудал яригдана.

Тэгээд л дараагийн парламент бүрдэнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дуусмагц ЖДҮ шалгагдах гээд байгаа юм. Тиймээс цаг хожиж сонгууль явуулж байж магадгүй. Яагаад гэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар ЖДҮ-чидээс бүрэлдэж байгаа шүү дээ. Парламентын засаглалыг бэхжүүлье гэж УИХ-ын гишүүд яриад байна. Хамгийн тогтворгүй засаглал бол парламентын засаглал. Харин Ерөнхийлөгчийн засаглалд парламентад нам олонхи болсон эсэх нь хамаагүй. Ерөнхийлөгчийг шууд томилж байгаа учраас тухайн Засгийн газар ямар ч саадгүйгээр бүрддэг. Тэгэхээр хамгийн тогтвортой Засгийн газар нь  Ерөнхийлөгчийн засаглал юм” хэмээн мэдээллээ.