ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Та Үндсэн хуулиа уншсан уу?

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-20

“Монголын мэдээ” Үндэсний өдөр тутмын сонин УИХ-ын 76 гишүүнээс 1992 онд батлагдсан “Үндсэн хуулийг бүрэн эхээр нь уншиж үзсэн үү, хэр сайн мэдэх вэ” гэсэн асуултад хариулт авч, гишүүдийн байр суурийг уншигч­дад цувралаар хүргэж буй. Энэ удаа Я.Санжмятав, Ж.Батзандан, Ц.Гарамжав тэргүү­тэй 10 гишүү­ний хариултыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Батлагдаад 28 жил болж байгаа хууль шүү дээ. 1992 онд батлах үед нь уншиж байсан. Түүнээс хойш өөрт хэрэгцээтэй зүйл, заалтыг сөхөж харж байгаа. Ихэвчлэн баялгийн тухай, хүний эрхийн тухай заалтуудыг харах шаардлага гардаг. Ялангуяа уул уулхайн компаниудад жагсаал, цуглаан хийх шаардлага гарч байсан учраас хүний эрх, үг хэлэх эрхтэй холбоотой заалтыг их уншсан.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Чи уулзаж байгаад ярилц. Утсаар асуулт асууна гэдэг чинь бүдүүлэг үйлдэл шүү. 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү: 

-Асуудал Үндсэн хуульдаа биш шүү дээ. Бид өөрсдөө хариуцлагагүй байгаад л асуудлын гол нь байгаа юм. Өөрсөддөө буруу өгөхгүй хэн нэгнийг буруутай болгохын тулд Үндсэн хууль руу дайраад байгаа юм. Ямар ч Үндсэн хууль байсан хүмүүс нь төлөвшихгүй бол хэрэггүй. 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-Эгч нь ажил явдал дээр байна. Ярих боломжгүй байна. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Би гэртээ хүүхэдтэйгээ байна. Гэртээ ажил ярихгүй.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

-Ямар асуулт вэ асуу асуу. /Үндсэн хуулийг бүрэн эхээр нь уншсан уу гэж асуухад утсаа таслав/

-УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

-Анхны Үндсэн хуулийг уншиж үзээгүй хүн Монголд байхгүй байх. Хүн бүр мэддэг шүү дээ.  

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-1992 онд Үндсэн хууль анх батлагдахад төрд байсан. Түүнээс хойш байнга ашиглаж байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Батзориг: 

-1992 оны хуулийг уу. Зөндөө л уншсан шүү дээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Гадаадаас ирээд удаагүй байна.