ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган эхлэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-25

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл өчигдөр Нью-Йорк хотноо эхлэв. Чуулганд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна. Ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдрийн хуралдаанд АНУ, Бразил, БНСУ, Египет, Катар, Швейцар, Турк, Япон зэрэг орны Төр, Засгийн тэргүүн нар үг хэлж, улс орныхоо гадаад бодлого, олон улсын тавцан дахь байр сууриа танилцуулсан аж. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нээлтийн үгэндээ Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр нийгмийн хамгааллыг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, боловсролыг дэмжих, зохистой хөдөлмөрийг бий болгох хэрэгсэл хэмээгээд, 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сорилт бэрхшээлүүд тулгарч буйг дурдан, тэгш бус байдал газар авч байгааг онцолсон байна.  НҮБ-ын ЕА-н 74 дүгээр чуулганы дарга хэлсэн үгэндээ НҮБ-ын үйл ажиллагаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэх ёстойг тэмдэглэж, дэлхий дахины өмнө тулгарч буй олон сорилтыг даван туулахын тулд хамтран ажиллах, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, ядуурлыг устгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, чанартай боловсрол болгох, нийгмийн тэгш оролцоог хангахыг гишүүн орнуудад уриалжээ. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд үг хэлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, олон улсын харилцааны асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлэх ажээ.