ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Түүхэн өв соёлыг устгахаар санаархаж байгааг эсэргүүцэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-07

АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар түүхийн дурсгалт соёлын өвийн асуудлыг хэлэлцжээ. Улаанбаатар хот 1924 онд байгуулагдсан. 1940-1950 оны хооронд анхны хотыг байгуулах барилгачдын ажил өрнөж, анхны хотыг байгуулж байсан аж. Энэ хотыг байгуулахдаа Монгол Улсын өв соёлыг дагуулсан хэлбэрийг голчлон тэр үеийн сэхээтэн, эрдэмтэн, барилгачид бодлоготойгоор анхны хотыг байгуулжээ. Үүний нэг тод жишээ бол Бага тойрууд байгаа хотын төвийн барилгуудын бүтэц, архитектур, дизайн юм.

Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Хүн бүр анзаараагүй байж болох ч өнөөдрийн хувьд үүнийг зайлшгүй сануулах ёстой гэж үзэж байна. Хотын төвд нийтдээ 14-15 баганат барилгууд байдаг. Анх хотыг байгуулахдаа эртний өв соёлоо дээдлэн баганыг бэлэгшээж байгуулсан. Багана бол өрх гэр, улс орны тулгуур. Тиймээс энэ олон баганат барилгыг хотын түүхт өв соёл гэж үздэг. Монголчууд бид 1930 оны үед түүхийнхээ сүм хийд, жижиг тосгодыг бүгдийг устгаж үгүй хийсэн. Энэ бол 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед гарсан.

Үүнийг МАХН тэр үед хийсэн. Тэгвэл өнөөдөр МАН 100 жилийн түүхт ой дээрээ Монголын түүхэн өв соёл болох анхны хотыг устгахыг санаархаж байгаад Ардчилсан нам эсэргүүцэж байна.Төрийн ордноос эхлээд Түүхийн төв музей, МУИС, УДЭТ, Төв номын сан, Гадаад яам гэх мэт эдгээр 15 барилга баганат барилга. Энэ түүхийн барилгуудыг өв соёл үзэхгүй,  40 жилийн настай гэж үзэж болохгүй.

Гэтэл одоо энэ барилгуудыг нураах юм бол бид эсэргүүцлээ илэрхийлнэ. Эдгээр барилгыг хуучин хэв маягаар хадгалан үлдээх боломж бүрэн бий. Энэ нь 40 жилийн настай гэж үзэж байгаа боловч, 400 жилийн дараа бидний үнэт өв соёл болон үлдэх болно" гэв. Тиймээс АН хэд хэдэн зүйлийг хийхээр хуралджээ.

Үүнд: Соёлын өвийг хамгаалах хуулийг эргэж зайлшгүй харах ёстой. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Соёлын өвийн тухай хуульд Түүхийн дурсгалт соёлын өвийг хамгаалах заалтыг хууль санаачлан оруулах. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газарт энэ талаарх гаргасан тогтоолоо хүчингүй болгох шаардлага хүргүүлнэ. Хэрэв хүчингүй болгохгүй бол  үүнийг цаашид Үндсэн хуулийн цэцэд хянуулахаар хандах аж. Үүнтэй холбоотой дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзжээ.