ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төсөвтэй холбоотой ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ахална

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-07

2020 оны төсөвтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулсан Ажлын хэсгийг байгуулжээ. Учир нь 2020 оны төсөвт соёлын өвийг устгаж, шинэ барилга байгууламж барих ажилд 546 тэрбум төгрөг төсөвлөхөөс ирэх жил 138,9 тэрбум төгрөг төсөвлөснийг Ардчилсан нам эргэж харах шаардлагатай гэж үзжээ. Тиймээс энэ мэтчилэн бодлогогүй, үрэлгэн хөрөнгө оруулалтын төсвийг зайлшгүй хянах ёстой гэсэн юм.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ нийгэм дэх эдийн засгийн зарим тоо баримтыг дурдсан юм. Тэрбээр, “Манай улсын эдийн засаг нүүрс, зэс гэсэн хоёр эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ ханшаас шууд хамаардаг. Монгол Улсын ДНБ-ий 30 орчим хувь, нийт экспортын 90 хүртэлх хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг болохоор тэр. Энэ хоёр эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханш нэмэгдвэл тээвэр, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бусад салбаруудын үйл ажиллагаа сэргэдэг.  Унавал  дагаад урууддаг. 2013 онд зэсийн баяжмалыг 948 сая ам.доллароор борлуулж байжээ. Харин 2018 онд борлуулалт нь хоёр тэрбум ам.долларт хүрч даруй хоёр дахин өсчээ.

Нүүрсний хувьд 2015 онд 555.9 сая ам.доллароор борлуулж байсан бол 2018 онд хоёр тэрбум 802 сая ам.долларт хүрч  бараг зургаа дахин нэмэгджээ. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш ийнхүү өсөөд зогсохгүй, гурван жилийн хугацаанд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар орж ирж байгаа нь Монгол Улсын эдийн засаг сэргэх гол шалтгаан болсон юм. Харин энэхүү эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд хүргэх бодлого явуулах нь УИХ, Засгийн газрын хийх ёстой ажил. Харин эрх баригчид маань энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байна вэ. Валютын ханш чангарч, Инфляц өсч, Өргөн хэрэглээний үнэ тасралтгүй өсч иргэд бухимдалтай байна” гэлээ.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн төсөл бүр хэрэггүй болсон гэсэн үг үү

-Ерөнхийлөгч бүхэлд нь хориг  тавьсан. Бүхэлд нь хориг тавьсныг Их хурал хүлээж авлаа. Энэ нь Үндсэн хуулийг задалж ярих боломж нээгдлээ гэсэн үг. Харин үүгээр далимдуулаад зарим гишүүдийн ярьж байгаа шиг бүгдийг бусниулах оролдлого нь Ардчилсан намын байр суурь биш. Нэмэлт өөрчлөлт дээр олон чухал заалт байна. Хоёрдугаар хэлэлцүүлгээ задлаад явах уу, эсвэл гуравдугаар хэлэлцүүлэг рүү хүчээр явах уу гэдэг нь эрх баригчдын асуудал болж хувирсан. Зөвшилцөх ажлын хэсэгт орж явна гэж бид саналаа хэлсэн.

- Ер нь зөвшилцлийн ажлын хэсэгт ямар хүмүүс орж ажиллаж байгаа вэ

- Ардчилсан намын эхний өгсөн тоотод ойлгомжтой зүйлүүд байсан. Ард нийтийн санал асуулга болон, хоригийн асуудлыг яах вэ гэдэг асуудлууд байсан. Одоо зөвшилцлийн хоёрдугаар үе. Зүйл заалтыг боловсронгуй болгох гэх мэт. Бид Ардчилсан намын зөвлөлөөс гаргаж буй саналын зөвлөмжийг гаргаж авах нь зүйтэй гэж үзэж байна

-Тодорхой саналуудаа үргэлжлүүлж тавина гэсэн үг үү. Эцсийн шийдэл гаргах нь АНСА байх уу

С.Эрдэнэ: Бид ард нийтийн санал асуулга явуулж шийдье гэсэн санал хэвээр байгаа. Гэхдээ  эрх баригчдын улс төрийн заль мэхэд автахгүй. Учир нь хоёрдугаар төслөөр ард нийтийн санал асуулга явуулах гэж байгааг зөвшөөрөхгүй. Анх оруулж ирсэн төслийн гялайж гялтайх зүйл юу ч байхгүй. Ардчилсан намын саналыг тусгаагүй, Ерөнхийлөгчийн саналыг ч хүлээж аваагүй. Түүнчлэн засаглалын хэлбэрээ тодорхой болгоё, сонгодог парламент руу явах, сонгуулийн  тогтолцоо аль болох иргэд олон нийтэд ойлгомжтой байхаар санал тавьсан хүлээж аваагүй. Энэ саналуудыг авч хэлэлцээд зөвшөөрөөд явах бол бид зөвшилцөлд явна. Яг одоогийнх шигээ хүч түрээд явах юм  бол цаашид бид оролцохгүй.

Д.Эрдэнэбат:  Нэг зүйлийг тодруулж хэлэхэд амралтын өдрүүдээр үүнтэй холбоотой явж байгаа мэдээллийг үзэхэд ерөөсөө хэлэлцүүлгийг хоёрдугаар хэлэлцүүлгээс нь задалж юу ч биш болгох санаархал их байна. Мэдээлэл тэнцвэртэй байх хэрэгтэй. Хоёрдугаар хэлэлцүүлэгт орсон ард түмэнд хэрэгтэй саналыг Ардчилсан намын зөвлөл задлахын төлөө явахгүй. Тийм юм байгаа бол эрх барьж байгаа 64 гишүүнд л байгаа байх. Тэрийг эдгээр 64 гишүүн дотооддоо учраа олох хэрэгтэй. Харин бидний тавьж байгаа санал бол намын эрх ашиг огт ч байхгүй. Бидний тавьж байгаа санал бол сонгодог парламентыг төгөлдөршүүлэх, зарчмын амин сүнс болсон саналууд байгаа. Өөр илүү дутуу зүйл рүү бид орохгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.