ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан та ажлаа өг

O.Admin
2019-10-09

Угаарын хийнд хордсон гэх дуудлага өнгөрсөн дөрвөн өдрийн хугацаанд 40 гаруй ирж, зургаан иргэн нас барлаа. Сайжруулсан шахмал түлшийг буруу түлсэн, зуух, пийшингийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй, галлагаа хийхдээ яндангийн сойлтоо хаасан зэрэг олон учир шалтгааны улмаас иргэд харамсалтайгаар амиа алджээ. Дайн байлдаангүй энх тайван цагт зургаан иргэн нь гэртээ амгалан тайван унтаж байгаад амиа алдчихна гэдэг хэрхэвч зүгээр хараад суух асуудал биш билээ. Тиймдээ ч дээр, дооргүй хөдөлгөөнд орж, сайжруулсан түлшний алдаа хаана байв гэдгийг тогтоохоор улсынхаа гайгүй гэсэн бүх лабораториудад шинжилгээ хийлгэв. Хариу зүгээр гарлаа. “Иргэд хэрэглэхдээ алджээ, уламжлалт зууханд түлэхдээ түлшээ дүүртэл хийж байгаагаас болж угаартсан” гэж үзэв. Мөн яндангийн сойлтоо хаахгүй байх, яндангаа сайн хөөлөх гэх мэт олон заавар зөвлөгөөг өгч, төрийн албан хаагчид айл нэг бүрээр орж зөвлөгөө заавар өгч эхэллээ. Засгийн газар ч энэ бүхнийг хараад зүгээр суусангүй. БНХАУ, ОХУ, Солонгос, Японы лабораториуд руу түлшний дээжийг явуулан шинжилгээ хийлгэж байгаа Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгджээ. Гэтэл иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалахаар томилогдсон Нийслэлийн онцгой байдлын комиссын ажлын хэсгийн ахлагч, Хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан тун ч хариуцлагагүй мэдэгдэл хийв.

Тэрбээр, бямба гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ “Жил бүрийн есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр буюу хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн иргэд угаартаж амиа алддаг” хэмээгээд тоон баримт хэлэв. Мөн “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү гэж сэтгүүлч ч өөрийнхөө фэйж групп дотор “2012-2016 онуудад ч иргэд утаанд угаартан амиа алдаж байжээ” гэсэн тайлбар оруулж, бичиг хавсаргажээ. Энэ чинь юу болж байна вэ. Хүний алтан амь яригдаж байхад тэд арьсаа хамгаалсан мэдэгдэл хийж байх юм. Шууд утгаараа хэлээгүй ч “Хүн угаартаж үхэж л байдаг. Өнөөдөр ганц үхээгүй юм. Ардчилсан намын үед үхэж л байсан” гэсэн утгыг илэрхийлэх гэж оролдлоо. Яагаад сүүлийн гурван жилийн дүн мэдээг бус 2012-2016 оны дүн мэдээг гаргаж тавиад ийм зүйл бичиж, ярьж байгааг тэнэг хүн ч ойлгох билээ. Тиймээс энэ хариуцлагагүй үгнийхээ төлөө Ж.Батбаясгалан та ажлаа өгөх ёстой. Улс төрийн карьераа ч дуусгаж мэдэх үг таны амнаас унав. Үрээ алдаж уйлсан, угаарын хийнд хордож амиа алдсан, эхийнхээ гэдсэнд төрж амжилгүй эндсэн олон зуун хүний үхлээр улс төрийн шоу хийж, өөрөө албан тушаалд оччихоод ийм “заваан” бичиг оруулаад сууж байгаа Ц.Пүрэвхүүг ч ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх ёстой болж дээ.

Ийм ёсзүйтэй, тийм арчаагүй бодол, санаатай хүмүүс төрд сууна гэдэг арай хэтэрсэн үйлдэл. Ж.Батбаясгалан гэж энэ залуу Хотын даргын нэгдүгээр орлогч болсноосоо хойш л хэл аманд холбогдож буй. Өөртөө зориулж жорлон тохижуулсан гэх асуудалд ч нэр холбогдож л байлаа. Ийм ёсзүйтэй хүнд тийм том ажлыг даатгаж байх ч гэж дээ, С.Амарсайхан дарга аа. Та нэгдүгээр орлогчдоо хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх, албан үүргээс нь түдгэлзүүлэх ёстой шүү. “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга байх ёсзүй ч энэ хүнд байхгүй. Зургаан хүний амь бол намраас өвөлд шилжих үед гардаг л асуудал гэсэн үг хотын чухал албан тушаалтны амнаас унана гэдэг бол хэрхэвч уучилж, өршөөх алдаа биш юм. Хүн нас барсан бол эмгэнэл илэрхийлдэг ёсзүй ямар ч монгол хүнд байдаг. Харин Ж.Батбаясгаланд тийм этик алга. Түлшнээс болоогүй байлаа ч “Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ийм зүйл болсонд харамсаж байна.

Бид алдаа мадгийг олно. Асуудлыг шуурхай шийднэ. Иргэд ч дор бүрнээ хариуцлагатай байгаарай” гэх мэтээр дарга, удирдагч хүн шиг олны сэтгэлийг засах үг хэлж болох л байлаа. Ерөөс түлш тойрсон эдгээр асуудал эцэстээ хэн нэгний тодрох гэсэн, улс төрийн оноогоо нэмэх гэсэн хөгийн улс төр болж хувирч байх юм. Намчид хүний мөсөө гээснийг энэ үйл явдал харуулав. Улай үзсэн хэрээ шиг асуудал дэгдээд эхлэнгүүт хэний ч захиалгатай нь мэдэгдэхгүй элдвийн хөдөлгөөн, улс төрийн намууд гарч ирээд мэдээлэл хийлээ. Бүр салбарынхны минь нэрийг барьсан хэсэг бүлэг ч түлшээр улс төр хийв. Эцсийн дүндээ эдгээр хүмүүсийн үхэл ердөө л түүхий нүүрс үү, түлш үү гэсэн арчаагүй пиар, улс төрийн намуудын нэгийгээ түлхэн унагах, албан тушаалаас нь зайлуулах гэсэн явцуу эрх ашгийн золиос болоод өнгөрөх нь ээ. Бид ямар азгүй юм бэ. 

Б.Эрхэс