ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганы хуралдаан эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-10

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар УИХ мэдээлэл сонсох, цаг мэдээлэл авах асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж өгөх саналыг хэлж байлаа. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчихгүйгээр мэдээлэл сонсох ямар боломж байгааг судлахыг” үүрэг болгосон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Баасан гаригийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт шахмал түлшний асуудлаар асуулга тавьсан хэмээв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "З.Нарантуяа гишүүний Малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл хууль бус. Өөрийнхөө бланк дээр болгоод өргөн барьсан байна. Малын хулгайтай тэмцэх гэсэн биш хулгай хийж байгаа юм шиг ёс суртахуунгүй зүйл гаргасанд харамсаж байна. Засгийн газраас санал ирснийг хувилаад өгсөн байна. Бүх бланк миний нэр дээр явж байгаа.

Ингээд чуулганы хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулийн төслүүдийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй учраас зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж байна.