ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Казахстан улстай харилцаагаа шинэ шатанд гаргана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан хэлэлцээ хийсний дараа баримт бичигт гарын үсэг зурах ёслолд байлцав.

Тухайлбал, Засгийн газрын сайд болон салбарын удирдлагуудын түвшинд  

-“Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд 1993 оны аравдугаар сарын 22-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”-д Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хууль зүйн сайд Марат Бакытжанович Бекетаев нар,

 

-“Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын терроризмтой тэмцэх асуудлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Гэрэл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны нэгдүгээр орлогч дарга Абиш Самат Сатыбалдыулы нар,

-“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын 2008 оны наймдугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-д Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Рустем Айдарбекович Бегари нар,

-“Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцэээр”-т, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Рустем Айдарбекович Бегари нар,  

-“Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг”-т,

-“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-т Монгол Улсын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотын Засаг дарга Алтай Сейдирович Кульгинов нар,

-“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын А.И.Бараевын нэрэмжит Үрийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх, Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэн .И.Бараевын нэрэмжит Үрийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төвийн захирал Кенже Кожахметович Абдуллаев нар тус тус гарын үсэг зурлаа.

Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, ХНХ-ын сайд, Монгол, Казахстаны ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Чинзориг, БХБ-ын сайд Х.Баделхан, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Монгол, Казахстаны парламентын бүлгийн дарга Д.Мурат, УИХ-ын гишүүн Г.Солтан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нарын болон албаны хүмүүс багтжээ. Айлчлалын эхэнд буюу орон нутгийн цагаар 11:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин угтан авч, дурсгалын зураг татуулсан. Орон нутгийн цагаар үдээс хойш 14.00 цагт Казахстан улсын анхны Ерөнхийлөгч , Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхана. Айлчлалын эхний өдрийн үр дүнгийн талаар Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин ярихдаа "Олон жилийн дараа болж буй Ерөнхий сайдын түвшний айлчлал нь өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж байна. Нөгөө талаараа стратегийн хувьд ач холбогдолтой болж байгаа. Хоёр улсын Ерөнхий сайд нар харилцаагаа шинэ түвшинд гаргах талаар ярилаа. Улмаар ирэх оны эхээр хоёр улсын Засгийн газрын комисс хуралдаж асуудлаа ярихаар тохирлоо" гэв.  Гүйцэтгэх засаглалын тэргүүний энэ удаагийн айлчлал нь 25 жилийн дараа хийгдэж буй гэдгээрээ тун ч онцлог болж байна.