ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам барина

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-15

 

 

Засгийн газрын өчигдрийн өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, ирэх дөрвөн жилд Сангийн яам дэд бүтцийг өргөтгөх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг дэмжих, санхүүгийн зах зээлийг либералчлах, дагуул хот байгуулж, орон сууцны хангамжийг нэмэх, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг шийдэл болгожээ. Харин Эрчим хүчний яам дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах нөөц бий болгох, Улаанбаатар хотын гэр хорооллын барилгажилттай уялдуулан алслагдсан бүсүүдэд дулаан хангамжийн систем байгуулах, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Чойбалсан, Эрдэнэт, Дулааны гуравдугаар цахилгаан станц, Амгалангийн дулааны станцыг өргөтгөх, Тавантолгойд болон 10 аймгийн төвд дулааны станц барих зэргийг тусгажээ. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яам Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46 км төмөр замыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Мөн Сайншанд-Хөөт чиглэлийн 433 км, Хөөт-Бичигт чиглэлийн 234 км замыг барьж эхлүүлэх гэнэ. Дорнод, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмж, Баруун-Урт, Тосонцэнгэл, Булган, Өвөрхангай, Ховдын Булганы нисэх буудлын хөөрч буух шороон зурваст их засвар хийх аж. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд, Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөж, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам барьж эхэлнэ. Ирэх дөрвөн жилд улсын хэмжээнд 1800 км хатуу хучилттай авто зам барих аж.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлж, тэтгэврийн зөрүүг арилгахаар зорьжээ. Барилга, хот байгуулалтын яам хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл болон Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлуулах аж. Хотын болон сумын төвийн инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулж, “Бичил дэд төв” төсөл хэрэгжүүлэх юм байна. Мөн гангийн үйлдвэрийг дэмжиж, шилний үйлдвэр байгуулах аж. Мөн төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах юм байна.

Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ирэх дөрвөн жилд таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна гэнэ. Сургууль шинээр барих, шинэчлэх,өргөтгөх зэрэгт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Зэсийн баяжмал боловсруулах, алт цэвэршүүлэх, газрын тос боловсруулах, нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр байгуулна. Асгат Салхитын мөнгөний орд зэргийг ашиглалтад оруулна.

Эрүүл мэндийн яам- Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлнэ. Монгол хүний дундаж наслалтыг 74-т хүргэхээр зорьсон байна.