ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгч болон АН-ын саналыг гуравдугаар хэлэлцүүлгээр ярилцана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-16

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбоотойгоор төсөл задрах уу, Ерөнхийлөгч болон АН-ын саналыг тусгах уу гэдэг асуудал үүсч буй. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

-УИХ Ерөнхийлөгчийн хориг­ийг хүлээж авснаар Үндсэн хуулийг хэлэлцэх горимд шилжсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр хуулиараа 2020 оны төсвийг чуулганаар хэлэлцэх боломжгүй болох уу. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар төсөв хэлэлцэх үү?
-Хэлэлцэнэ. Одоогоор Үндсэн хуулийг хэлэлцэх горимд хараахан шилжээгүй байна. Гуравдугаар хэлэлцүүлэгт орох шийдвэр гарсан өдрөөс Үндсэн хуулийн горимд шилжих юм. Хэлэлцэх горимд шилжсэн байлаа ч төсвийг хуульд заасан хугацааны дагуу хэлэлцэх ёстой. Улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуулийн хугацаатай. УИХ-ын Дэгийн тухай болон журмын тухай хуульд хуулийн хугацаатай болон нэг удаагийн шинж чанартай асуудлыг хэлэлцэж болно гэсэн заалт бий. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, Үндсэн хуулийн горимд шилжсэн ч гэлээ 2020 оны Улсын төсвийг хэлэлцэж болно гэсэн үг. Хоригийг хүлээж авсантай холбоотойгоор эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг шийдээд, журмын тухай хуульдаа өөрчлөлт оруулчихлаа. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал УИХ-д энэ долоо хоногийн баасан гарагт орох нь уу, эсвэл ирэх долоо хоногт орох нь уу. Гуравдугаар хэлэлцүүлэг явуулах уу, эсвэл ард нийтийн санал асуулга явуулах уу гэдэг асуудал орж ирнэ. 

-Хоригийг хүлээж авснаар хоёрдугаар хэлэлцүүлгээс гар­сан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл задарна гэсэн үг үү. Ерөнхийлөгч болон АН-ын саналыг дахин авч хэлэлцэнэ гэж сөрөг хүчний зүгээс тайлбарлаж байна? 
-Үгүй. Хоёрдугаар хэлэлцүүлэг дуусчихсан. Одоо зөвхөн гуравдугаар хэлэлцүүлэг л явна. АН-ын зөвшилцсөн гурван саналыг ярина гэвэл гуравдугаар хэлэлцүүлгээр л ярина. Гуравдугаар хэлэлцүүлгээр эдгээр саналыг дахин хэлэлцэх боломжийг нь өнгөрсөн долоо хоногт Журмын болон Дэгийн хуулиар нээж өглөө. 

-Ерөнхийлөгчийн зүгээс тавьж байгаа асуудлыг ч мөн гуравдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэнэ гэж ойлголоо? 
-Болно. Гэхдээ одоогоор зөвшилцөл үргэлжилж байна. Үүний дараа шийдвэр гарна. 

-Гуравдугаар хэлэлцүүлгээр АН болон Ерөнхийлөгчийн зүгээс тавьж буй саналууд дахин унавал яах вэ. Нэмэлт өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгч батламжилснаар хүчин төгөлдөр болно биз дээ?
-Ерөнхийлөгч батламжлахгүй. Зөвхөн тамга дарж, гарын үсэг зурж ёсчилно. Гуравдугаар хэлэлцүүлэгт АН-ын зөвхөн зөвшилцөлд хүрсэн саналуудыг л хэлэлцэх юм. Ингэхдээ саналууд нь нийт гишүүдийн гуравны хоёроор босно гэсэн үг. Тэгэхээр их өндөр босготой байгаа биз.

-Саналууд дахиад унавал Ерөнхийлөгч гарын үсэг зурж ёслох уу. Тамга дарж гарын үсэг зурахгүй бол яах вэ?
-Тэр бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. 

-2020 оны улсын төсөв нэлээд шүүмжлэл дагуулах шинжтэй байна. Хуваарилалт тэгш биш, хэт өөдрөг, сонгуульд зориулсан гэх мэтээр шүүмжлэл гараад эхэлчихлээ. Таны хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ? 
-Би тун боломжийн төсөв болсон байна гэж бодож байгаа. Төсвийн тэнцэл буюу алдагдал нь 5.1 хувь байна. Боломж байвал алдагдлаа жаахан бууруулах чиглэлд анхаарах ёстой юм байна гэж харж байгаа. Орлого ч боломжийн байна. Эдийн засгийн ерөнхий өнгө аятайхан байгаа. Ийм үед алдагдлыг бууруулах ёстой. 

-Төсвийн орлого тогтворгүй байгаа үед халамжийн бодлогоо тэлж, цалин тэтгэвэр нэмэх нь төсвийн хамгийн том алдаа гэж мэргэжлийнхэн дүгнээд байгаа?
-Засгийн газар хоёр том арга хэмжээ авч байна. Тухайлбал хуримтлал бий болголоо. “Ирээдүйн өв” санд л энэ жилийнхийг оруулаад 1.5 их наяд төгрөг төвлөрөхөөр байгаа. Энэ бол их мөнгө шүү дээ. Үүнээс гадна 500 гаруй тэрбум төгрөг тогтворжуулалтын санд орчихож байгаа юм. Тэгэхээр эдийн засаг муудвал хэрэглэх хоёр их наяд төгрөгийн хуримтлал бий болж байгаа. Хэрвээ экспортын уул уурхайн бүтээгдэхүүн уналаа гэхэд аваад зарцуулах хуримтлал байна гэсэн үг. Энэ Засгийн газрын хамгийн сайн тал нь хуримтлалд бий болгож байгаа явдал юм.