ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

И-баримтын систем ашиглан төрийн үйлчилгээ авна

O.Admin
2019-10-16

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар иргэдэд учруулдаг  төрийн хүнд суртал, чирэгдлийг бууруулах зарим асуудлыг хэлэлцсэн аж. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, “Өнөөдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээ, лавлагаа авахын тулд иргэд төрийн байгууллагад очиж, банканд төлбөрөө төлөх гэж цаг хугацаа алдах шаардлагагүй боллоо. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн нийслэлийн 152 хороогоор дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахдаа төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх шийдлийг нэвтрүүлж байна. 

Үүний тулд бид судалгаа хийж туршсан юм. Ингэхдээ ЧД-ийн 17-р хороо руу яамнаас очиход нэг цаг зарцуулсан. Хороон дээр авах үйлчилгээ таван минутын дотор амжсан ч төлбөрөө төлөхийн тулд Долоон буудлын эцэс дэх банк орох хэрэгтэй болсон. Эхний банк "Манай банканд дансгүй бол бэлэн мөнгө авахгүй гэсэн. Дараагийн банк орж үйлчилгээ авсан. Ингээд 1,000 төгрөг тушаахын тулд 2,000 төгрөг төлсөн. Энэ үйлчилгээний төлөө нийт 2 цаг 40 минут зарцуулсан.  Түүнээс гадна гадаад пасспорт авахад иргэд гурван өөр дансанд гурван төрлийн төлбөр тушаах хэрэгтэй болдог. Үүний тулд мөн л банкан дээр 2-3 цаг зарцуулдаг.  Энэ бүх чиргэдлийг И-баримт систем ашиглан шийдэж эхэллээ. Эхний ээлжинд иргэд төрийн 38 үйлчилгээ, лавлагааг ийнхүү авах боломжтой. 

Энэ хүрээнд бусад сайд нар холбогдох дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, хүнд суртлыг бууруулах бөгөөд цаашид төрийн үйлчилгээний хураамжийг бууруулах чиглэлээр Ерөнхий сайд үүрэг даалгавар өгч байна” гэлээ.