ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“ТОП”-уудын босгосон эдийн засгийг “ПОП”-ууд нь нураалаа

O.Admin
2019-10-17

-ФАТФ-ын “Саарал жагсаалт”-ын шийдвэр баасан гарагт эцэслэж гарна-

 

Хэдхэн өдрийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улс хөрөнгө оруулагчдад нэн таатай орчныг бүрдүүлж чадлаа. Эдийн засгийн өсөлт эрчимтэй явж байна. Тиймээс манай улсад та бүхнийг хөрөнгө оруулаасай гэж хүсье” хэмээн Казахстаны бизнесийнхнийг найрсгаар эх орондоо урьж байв. Мөн Монголын топ татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн төлөө­лөл Ерөнхий сайд­тай­гаа хамт очиж 200 гаруй сая ам.долларын хамтарч ажил­лах гэрээнд гарын үсэг зураад ирсэн билээ. Алт цэвэршүүлэх үйлдвэр барина, дотооддоо алтаа цэвэршүүлдэг болно гэх мэтээр хэчнээн сайхан мэдээллүүд ар, араасаа гарсан гэж бодно оо. Даанч энэ сайхан урмыг унтраах, дүрэлзэж байсан итгэл рүү ус хийсэн мэдээлэл өчигдөр гарах нь тэр. Тодруулбал, Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэгч ФАТФ-ын Ази, номхон далайн бүсийн байгууллагын ээлжит хурал энэ сарын 15-нд Парис хотноо болов. Энэ хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-ад оруулах эсэхийг шийднэ. Эцсийн хариу ирэх баасан гарагт гарах ёстой ч урьдчилсан мэдээллээр “саарал жагсаалт”-ад нэмсэн гэсэн мэдээлэл ирсэн гэх. 

 

 С.Эрдэнэ: Дөнгөж сая “саарал жагсаалт”-ад орлоо гэсэн мэдээлэл хүлээж авлаа 

Тодруулбал, УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн С.Эрдэнэ “Дөнгөж сая авсан мэдээллээр манай улсыг саарал жагсаалтад оруулжээ. Шалтгаан нь олон байгаа. Нэгдүгээрт, ОУВС-гаас банкуудын өөрийн хөрөнгөд шалгалт хийсэн. Улмаар актив хөрөнгөө нэмэгдүүлэх албан даалгавар өгсөн бөгөөд банкууд ч 700 тэрбумаар нэмэгдүүлсэн. Гэвч сэжигтэй санагдсан учраас дахин шалгалт явуулахад банкууд 200 тэрбумаа л нотолж чадсан. Үлдсэн 500 тэрбум нь хаанаас орж ирснийг нотолж чадаагүй. Угтаа зэвсэгт бүлэглэлийн санхүүжилт ч байж мэдэх учраас хардах эрх нь тэдэнд байсан. Ингээд л эх үүсвэрээ нотолж чадаагүй учраас улсаараа жагсаалтад орлоо. Хуульзүйн сайд Ц.Нямдорж саарал жагсаалтаас гаргах, оруулахгүй байх талаас нэг ч ажил хийгээгүй учраас ийм эрсдэл ирлээ” хэмээн тайлбарлав. Мөн өчигдөрхөн УИХ-ын дарга албаны бүх хүмүүсийг дуудаж, жаг­саал­тад оруулахгүй байх талаас арга хэмжээ авахыг үүрэгдсэн ч дэндүү хожигджээ. Монгол Улс 2004 онд анхлан энэ байгууллагын гишүүн улс болсон. Үүний дараа буюу 2006 онд анх удаа харилцан үнэлгээг хийж, тодорхой үүрэг даалгавар өгөөд буцаж байлаа. Гэвч манайх огтхон ч тоож авч хэлэлцээгүй. Мөнхийн Оюутолгойгоор тэжээл­гэх юм шиг сэтгэж, ФАТФ-ыг асуусан сэт­гүүл­чийг Ерөнхий сайд нь шог­лож, сэтгүүлчид нь хүртэл шоолж байсан түүх бий шүү.

2014 онд саарал жагсаалтад оруу­лах эрсдэл дахиад бий болж эхэлж буйг сануулахад ч “Тийм чухал сэдэв үү. Үүнээс өөр бичих сэдэв алга уу” хэмээн олон улстөрч үл тоож байв. Гэвч 2016-2017 онд тус байгууллагаас дахин ирж шалгалт хийгээд буцах­даа дөрөвхөн жилийн хуга­цаанд буюу 2006-2010 оны хуга­цаанд авлига нь 337 сая ам.доллар болсон, ФАТФ-ын хийсэн дүгнэлтэд гарсан дутагдлуудаа засч чадаагүй хэмээн үнэлчихээд буцсан. Энэ үеэс л “саарал жагсаалт” чинь хөрөнгө оруулалтад хар тамга дарж, эдийн засагт шар гэрэл асааж мэдэх нь ээ гэдгийг дээр, дооргүй ойлгож эхэлж билээ. Мөн Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл байна гэж хэлсээр байсан юм, тэд. ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 20-ынх нь хэрэг­жилт хангалтгүй, 11 үзүү­лэл­тээс нэгийг ч хангаж чадаа­гүй ийм улсад хэн ч итгэж хөрөнгө оруулах билээ. 2017 онд хатуухан бан­га хүртсэний дараа хууль эрхзүйн орчноо сайж­руулж, дотоодын хяналтаа нэмэгдүүлсэн ч 2018 онд Европын холбоо бүр “хар” жагсаалтад манайхыг оруулсан. Барбадос, Өмнөд Солонгос, Монгол гэсэн улс тэргүүн эгнээнд нь явж байлаа. “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сайд ширэн нүүр царайлан явж, татварын орчноо өөрчилнө, шинэчлэл, өөрчлөлт хийнэ гэсэн амлалт өгч энэ жагсаалтаас гарсныг бид мартаагүй. Гэсэн ч нэг жилийн хугацаанд бид юу ч өөрчилж чадсангүй. Эцэстээ дахин өөр нэг жагсаалтад багтах эрсдэлтэй нүүр тулав. 

 

 “Саарал жагсаалт” эдийн засагт ямар хортой вэ 

Нэгдүгээрт, гадны хөрөн­гө оруулалт зогсонги бай­далд орж, гадаад худал­дааны хэмжээ буурна. ОУВС зэрэг олон улсын бай­­гуул­­лагууд манайхаас нүүр бу­руулж, хамтран ажил­лахаас татгалзана. Мөн гадаа­дын харилцагч банкууд харил­цаагаа тасалж, иргэд гадны улс оронд картаар гүйлгээ хийх боломжгүй болно. Олон зуун гадаад хамт­­рагч­­тай, бизнес нь га­даг­­шаа тэлчихсэн “ТОП” биз­нес­­мэнүүдэд хамгийн хүнд цохилт болох билээ. Европын ор­нууд руу виз хү­сэх чадамжгүй болно. Ул­маар эдийн засагт ч дагаад шар гэрэл асах нь ээ. Үүнийг тоохгүй, дотооддоо тамын тогооны үлгэрээ яриад амьдарч болно л доо. Гэвч, дахиад өөр улс руу очиж хөрөнгө оруулалт татах, хамтарч ажиллаач хэмээн гуйх нүүр бидэнд олдохгүй болох юм. Ямар ч тэнэг хүн ямарваа нэг зүйл хөрөнгө оруулах гэж байгаа бол эхлээд намтрыг нь, сайн түүхтэй эсэхийг нь харна. Бид ч хэн нэгэнд мөнгө зээлэхдээ “найдвартай буцааж өгөх үү, цалин нь хүрэлцэх үү” гэдгийг хардаг. Яг түүнтэй л адил Монгол Улсад хөрөнгө оруулах гэсэн хэн ч байлаа гэсэн эхлээд энэ мэт түүхийг судлах нь дамжиггүй. Тэр цагт ямар ч тэнэг хүн актив хөрөнгөө нотолж чаддаггүй банктай, авлигын индексээ бууруулж чаддаггүй төртэй, төрд суусан улстөрчид нь хил дамнан зэвсгийн наймаа хийсэн хэрэгт холбогддог улсад мөнгө цацахыг хүсэхгүй л болов уу. Дээр, дооргүй мөнгө гуйж, хэдэн жил сараар хөдөлмөрлөж топ татвар төлөгчдийн босгосон эдийн засгийг улс төрд суугаа цөөхөн хэдхэн поп улстөрч нь нурааж болдгийг харуулсан сонгодог жишээ болон түүхэнд үлдэх биз ээ. 

 

 Банкууд биш улстөрчид өөрсдөө буруутай 

Монгол Улсыг энэ жагсаалтад багтаахад голлож нөлөөлсөн зүйл нь банкуудын актив хөрөнгө хэмээн буруутгаж буй. Нэг талаараа үнэн. Гэхдээ энэ улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа цөөхөн хэдхэн банкуудад хамаг буруугаа чихчихээд улстөрчид нь хөшигний ард үлдэнэ гэж байхгүй шүү. Хамгийн гол шалтгаан нь банкны өөрийн хөрөнгө бус популист улстөрчид болон тэдний шахааны албан тушаалтнууд байсан гэх үнэнээс хэдий болтол зугтах юм бэ, улстөрчид өө. Төрийн албанд нүүрлэсэн авлига, Л.Болд, Б.Хурц нарын хил дамнуулан зэвсэг наймаалсан гэх асуудал хамгийн их анхаарал татсан. Татварын шударга бус тогтолцоо буюу мөнгө угаалтыг дэмжсэн гэх эрсдэл энэ байдалд хүргэв. Хэд хэдэн удаа “тэнсэн” ял авчихаад байхад л итгэж хөрөнгөө оруулсан цөөхөн хэдхэн уул уурхайн компаниудаа бид баруун, зүүнгүй зүхэж, хөөж гаргахаар оролдож байна. Бороо Гоулд, Оюутолгой гэх мэт эдийн засагт амь тариа залгуулж байсан гадны хөрөнгө оруулалтыг жигшин зэвүүцдэг эх орончдын гавьяа ийм бэлэг өглөө, бидэнд. Дотоодын уул уурхайн компаниудын эсрэг явуулсан тусгай ажиллагаа, хөөж туусан шийдвэр бүхэн энд хүргэв. Харамсаад ч яах билээ. Улстөрчдийн нууц амраг, ах дүү нарынх нь хил дамнасан тамхины наймаа ч энэ жагсаалтыг “өнгөлөх”-д асар том үүрэг гүйцэтгэлээ. Монголын ганц саалийн үнээ болох дотоодын “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн маргаан ч үүнд гол нөлөө үзүүлсэн. ЖДҮ, 60 тэрбумаа бас мартаж болохгүй. “Капитал” банкны дампуурал ч эдийн засгийг эрсдэлтэй байдал руу түлхэв. Одоо уйлаад ч яах билээ. Баасан гараг хүртэл бас ч гэж зай байна, хугацаа ч үлдэв. АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаяр “бүх хүчээ дайчлан жаг­саал­тад оруулахгүй байх арга хэм­жээ авч байна” хэмээн мэдэгд­сэн байна билээ. Эрсдэлийн үнэлгээгээ түр хүлээзнэ, дахин нэг удаа сануулга өгөөд өнгөрүүлээсэй хэмээн залбирч сууя даа, хэдүүлээ. 

Б.Эрхэс