ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Хавдрын оношлогооны тоног төхөөрөмж дутагдалтай байна”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-17

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Эрүүл мэндийн салбарын эмчилгээ, үйлчилгээний зардлыг хөнгөвчлөх, ялангуяа хавдартай холбоотой асуудал дээр онцгой анхаарч, цаашид яаж ажиллах вэ гэдгээ тодорхой болгомоор байна. Хууль нь сайжирч байгаа ч иргэдэд хүрч байгаа зорилт хангалтгүй байна. Хавдрын өвчнийг оношлодог тоног, төхөөрөмж маш хангалтгүй байна. Улсын эмнэлгүүд нь хоцрогдож, хувийн эмнэлгүүд нь өндөр өртөгтэй байна. Энэ чиглэлд эрүүл мэндийн бодлого барьж байгаа удирдлагууд онцгой анхаарч, арга хэмжээ аваач гэж хэлмээр байна. Мөн эрүүл мэндийн салбарыг улстөржүүлдгээ болих хэрэгтэй. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв орчин үеийн техник, технологийн шинэчлэл хийж, иргэддээ үйлчилдэг байгууллагын удирдлагыг нь хууль бусаар халж, дампуурч байгаа Ачтан эмнэлгийн удирдлагуудыг томилсон байна. Эрүүл мэндийн салбар бол улстөржих салбар биш юм шүү. Хавдрын өвчлөлийн эх үүсвэр нь эрүүл бус хүнс, утаа гээд төрөөс шалтгаалж байгаа зүйл олон бий шүү.

Ажлын хэсэг:

-Эрүүл мэндийн салбар жил бүр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн жагсаалт гаргаж, төсөвт суулгаж байгаа. Одоогоор 11 томограф болон 19 ходоодны хавдрын оношлогооны тоног төхөөрөмж дутуу байгаа. Бид шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ жил бүрийн төсөвт зохих хэмжээгээр тусгаад явж байгаа. Түүнээс гадна эрүүл мэндийн салбарын барилга, байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажил чухал байгаа. Нийт барилгын 80 хувь нь 2004 оноос өмнө баригдсан барилга байгаа учраас шинэчлэх, өргөтгөх, засварлах шаардлага байгаа. Хавдрын өвчний эрт илрүүлгийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах чиглэлээр ажиллаж байна. 2018 онд дөрвөн ангиллаар урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулсан бөгөөд нийт 4,5 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг баталлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.