ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Гантулгын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлууллаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-17

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг өнөөдөр 09:30 минутад хийхээр товлосон юм. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч О.Сайнгэрэл нь “Д.Гантулгын хүсэлтээр, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаатай холбогдуулан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авах эрхээр нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан саналыг тус тус харгалзан нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09:30 цагт хийхээр товыг тогтоож, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсон байна.