ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НАМЭХ-г Д.Сарангэрэл сайд удирдана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-17

Улс төрийн ууган хүчин МАН-ын дэргэдэх ТББ-уудын нэг болох 75 жилийн түүхтэй НАМЭХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг томилжээ. Тэрбээр, өчигдөр намынхаа Удирдах зөвлөлөөс олонхийн санал авч гарч ирсэн бол өнөөдөр болсон НАМЭХ-ны нийт гишүүдийн 75 хувь нь түүнд итгэл үзүүлсэн байна. Хуралдаанд 317 гишүүн санал өгөх эрхтэй оролцсон аж. Харин заалнаас Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэрээ дэвшүүлсэн аж. 

Д.Сарангэрэл нь ЗХУ-ын Ростов хотын Их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцсан бөгөөд МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхэлж, улмаар "ММ" агентлагийн ерөнхий редактор, албаны дарга, тус редакцийн захирал болтлоо дэвшин ажилласан юм. Харин 2003 онд ТВ5 телевизийг байгуулан удирдаж байжээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг хамгийн амжилттай удирдаж байсан цөөхөн хэдхэн удирдлагын нэг нь тэр юм. Харин улс төрд 2010 онд хөл тавьж, МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. УИХ-д хоёр удаа сонгогдсон, өдгөө Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг эрхэлж байгаа туршлагатай улстөрч билээ. НАМЭХ нь улс төрийн намууд доторх хамгийн хүчтэй ТББ бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ ажлыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа ахалж байлаа. энэ өдрийн хуралдаанаар дүрмийн шинэчлэл мөн албан тушаалаа өгч буй Ц.Цогзолмаа даргын ажлын тайланг хэлэлцжээ.