ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Оюунхорол: Гэр хороолол төрийн бодлогын гадна орхигдсон

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-21

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын төсвийн талаар хэлэлцэж байгаа билээ. Харин олон нийт төсвийн хуваарилалтыг харилцан адилгүй байна хэмээн шүүмжилж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос тодрууллаа.

-Төсвийн хуваарилалтад ялгавартай хандлаа гэж олон нийт шүүмжилж байна. Ялангуяа Ерөнхий сайд, Сангийн сайдын тойрогт төсөв их хуваарилсан байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ жил эдийн засгийн өсөлт 7.2 хувь болж анх удаа төсөв ашигтай гарлаа. Гэхдээ эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн бодитойгоор нөлөөлж байгаа вэ гэдэгт бид  Сангийн сайдаас тодорхой хариултыг шаардаж байгаа юм. Учир нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, долларын ханш өслөө. Иргэдийн гар дээр очиж байгаа бэлэн мөнгө, орлогын эх үүсвэр дутагдалтай байна гэж үзсэн. Тиймээс иргэдийн амьдралд эдийн засгийн өсөлт тодорхой нөлөөлөх ажлуудыг хөндөх,  төсөв суулгах ажлыг хийгээч гэдэг саналыг бид тавилаа.  Жил бүр төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалтад  буруу хандлага анзаарагддаг. Өмнө нь ч гэсэн ийм байсан. Тухайн салбарын сайд, дарга нар төсвөө өөрийнхөө тойрогт арай илүү тавьдаг, төсв­ийг тэгш шударга хуваар­илах зар­чим алдагд­сан.  Үүнээс болж УИХ-ын гишүүд төсөвт өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлж байгаа. Мөн энэ асуудалд ажлын хэсэг байгуулагдаж, засаж зал­руулах ажил хийгддэг. 

-Өнгөрсөн жил ч төсвийн тэнцвэргүй байдал үүссэн шүү дээ?

Өнгөрсөн жилийн төсвийн ажлын хэсгийг би ахалж нэлээд өөрчлөлт хийж байлаа. Энэ жил ч дахин тэнцвэргүй байдлаар орж ирсэн. Тодруулбал, 25-145 тэрбум төгрөг­ийн хооронд аймгуу­дад хөрөнгө оруулалт тавигдлаа. Тэнцвэргүй байгаа учир алдааг засах шаардлагатай гэж үзсэн. 

-Төсвийн хөрөнгө оруулалт гүйцэд хийгдэж чаддаг уу?

-Жил бүрийн төсөвт хөрөнгө оруулалт гүй­цэд  хийгдэхгүй байгаа. Өнгөр­сөн жилийн улсын төсвөөр батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл 39.8 хувьтай байна. Он ч дууслаа. Яагаад, юунаас болж ажил хийгдэхгүй,  хэрэгжиж чадахгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө тасарсан,  яагаад энэ олон сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдчихаад хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Үүнээс гадна юунаас болж тендэр нь орой зарлагддаг вэ гэдэгт Сангийн яам дүгнэлт хийх ёстой. Өнөөдөр  ч дүгнэлт хийж чадаагүй оруулсан гэж бид үзлээ. 

-Нийслэлийн  төсвийн хөрөнгө оруулалтын тухайд? 

-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг 319 тэрбум төгрөгөөр татахаар оруулсан. Улаанбаатар хотын хүн ам манай улсын нийт иргэдийн 1.3 сая, ирж очдогтойгоо нийлээд бараг 1.5 сая хүн амьдарч байна. Тиймээс Нийслэлийн хөрөнгө оруулалт үнэ­хээр буруу, шударга бус хуваарилагддаг. Тэр тусмаа гэр хорооллын хөрөнгө оруулалт жилийн жилд  төрийн бодлогын гадна хаягдсан учир  сургуульгүй, цэцэрлэггүй, эмнэлэггүй хороонд 20-40 мянган хүн амьдарч байгаа. Гэтэл 1000 хүн амтай суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв бүгд байна шүү дээ. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалт яагаад  шударга бус,  яагаад зорилтод бүлгээ олоод  шийдэж болдоггүй юм бэ. Би өмнө нь  хөдөөнөөс сонгогддог байхдаа өөрөө өөрийнхөө тойрогт анхаарлаа хандуулаад, асуудлаа шийдчихдэг байсан.  Одоо нийслэлийн 319 тэрбум төгрөгийг татаад авчихсан тохиолдолд хотын Засаг дарга нь хэн байхаасаа үл хамаараад ямар ч асуудал шийдэж чадахгүй. Тэгэхэд Э.Бат-Үүл дарын үед яагаад  Улаанбаатар хотын санхүүжилт, хөрөнгө оруулалт их байсан бэ гэхээр,  санхүүжилтийн эх үүсвэрийн бие даасан эрхийг хотод өгчихсөн байсан. Ийм тохиолдолд хотын Засаг дарга ажлаа хийж чадна.