ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүхийн “ганцаардах” цаг иржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-21

-Өнөөгийн парламентад байгаа МАН-ын бүлгийн 64 улстөрчийн талаас илүү хувьд нь тойрог өгөх ёсгүй- 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан болон албан бус олон уулзалтад “Миний хүсэл бол Монгол Улсыг хөгжүүлэх. Харин хөгжүүлэхийн тулд хулгайч нараас салах ёстой. Би ирэх сонгуульд хулгайчийг нэр дэвшүүлэхгүй. Улс төрийн намуудад ч би ёсзүйгүй улстөрчдөөсөө сал гэж хэлдэг. 2020 оны сонгууль тийм байгаасай гэж бодож байгаа. Төрөө, намаа цэвэрлэцгээе. Улсаа хөгжүүлье” хэмээн ярьж байсныг уншигч та олон удаа сонссон байх.

Манай намд хулгайч, хүчиндэгч гээд олон хүн бий. Би тэдэнтэй тэмцэнэ гэсэн амлалт нь хэрэгжихэд ердөө зургаахан сарын хугацаа үлдээд байна. Зургаан сар ч бус 2019 оны арванхоёрдугаар сар гэхэд л УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид тодорно. Сонгуульд нэр дэвшихийн тулд төрийн ажлаа зургаан сарын өмнө өгөх ёстой учраас Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн албан өрөөний гадна хадаг, сүү барьсан тойрог горилогчид урт дараалал үүсгэж эхэлсэн нь дамжиггүй билээ. Тиймээс л яг энэ цагт нь Ерөнхий сайд хэлсэн амандаа хүрч байгаа эсэхийг, хэлсэн үгээ мартаагүй байгаасай хэмээн сануулахыг хүсэв.

Ирэх онд 100 жилийн ойгоо тэмдэглэх улс төрийн ууган хүчин үнэхээр л хулгайчаасаа салж чадвал дахиад олонхи болох боломж бий. Намын даргынх нь рейтинг энэ хэвээр байж чадвал шүү дээ. Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүх рейтингээ унагахгүйн тулд хүссэн ч эс хүссэн ч энэ үгэндээ хүрэхээс өөр аргагүй болж байгаа юм. Хулгайчдаас төрөө, намаа цэвэрлэнэ гэвэл өдгөө УИХ-д сууж буй МАН-ын 64 улстөрчийн лавтай 50-иас илүү хувьд нь тойрог олдохгүй. Үүнийг мэдэрсэн зарим нь өөр нэг хадаг, сүү давхар бэлтгэчихээд Н.Энхбаярын албан өрөө рүү давхиж ороход бэлэн сууж байж ч мэдэх юм. Өнгөрсөн дөрвөн жил МАН-аас олон хулгайч “төрлөө”. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хулгай хийсэн.

Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалсан том гарын хулгайч нар ч бас бий. Оффшор, концесс, тендерийн их гарын наймаачид бас байгаа. Хууль бус тендерийн асуудлаар зарим нь шалгуулаад явж байгаа. Тэр ч байтугай эмэгтэй улстөрчид нь хүртэл ард түмний боломжоос хумсалчихаад, “төлчихнө” гэж загнаж байсныг бид мартаагүй байгаа шүү. Нөгөөтээгүүр, уул уурхайгаас хөлжсөн хоёр ч том “түрийвчээ” МАН алдаж мэднэ. Нэг нь Н.Номтойбаяр, нөгөөх нь Б.Чойжилсүрэн. Ардын намын “түрийвч” гэгдэж байсан энэ хоёр эрхмийн эсрэг У.Хүрэлсүх дайн зарласныг та бид мартаагүй байна. Хоёулангийнх нь лицензийг хураан авч, үйл ажиллагааг нь зогсоохоо мэдэгдсэн билээ.

“Цагаан суваргын орд газрыг төр мэдэлдээ авна” гэсэн зоригтой мэдэгдлийг чуулганы индрээс хийсний дараа Н.Номтойбаяр “400 сая ам.доллар гаргаж өгөөд аваарай” хэмээн пээдийж байлаа. Мөн өнгөрсөн зун УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн Тост, Тосонбумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байсан “Сауд Гоби Коал Транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон.

Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “130 гаруй тэрбумын зардал гарсан. Тэр мөнгөө авна. Төр нөхөн олговор өгөх ёстой” хэмээн ярилцлага өгсөн билээ. Энэ мэтээр үеийн үед МАН-ыг мөнгөөр санхүүжүүлж, хариуд нь тойрог авч байсан олон улстөрч ирэх сонгуульд нэр дэвших эрхгүй болжээ. У.Хүрэлсүх дарга өөртөө олон зуун дайсан бэлтгэнэ гэсэн үг. Түүнээс тойрог авахын тулд эдгээр армийнхан юу ч хийж чадна гэдгээ Үндсэн хуулийг шантаажилж яруу тодоор харуулсан билээ. Тэгэхээр элдвийн шантаажид автахгүй байх нь намаа, нэр төрөө цэвэр авч үлдэх боломж гэдгийг У.Хүрэлсүх танд зориуд сануулъя. Тэр орд газраа ав, оронд нь тойрог өгөөрэй хэмээн наймаа ярьсаар орж ирэх уваагүй хүмүүс ч танай намд олон бий шүү. Тойрог авч чадаагүй “гомдогсодын арми”-ийн зүгээс хүчтэй дайралт ирэх нь ч тодорхой.

Тэр тусмаа “Хотын фракци”-аас энэ бүх дайралтууд ирнэ. Өдөр бүхэн бүүстлүүлж, өөрийн, өрөөлийн намынханд өндийх завдалгүй “гөвшүүлнэ”. Түүнийг хүчгүйдүүлэх, рейтингийг нь унагах, түлхэн унагах гэсэн оролдлого бүрийг харин тэр давж чадах болов уу. Өөрийгөө хамгаалах дархлаагаа бий болгож чадсан уу гэдэг нь сонин. Өөрийнх нь фракци дотроос ч өрвөлзөх хүн олон гарч мэдэх учраас У.Хүрэлсүхийн “ганцаардах” цаг ирж байна хэмээн дүгнэв. Намын даргын шалгуур хэрвээ муу муухайтай нэр холбогдсон өөрийн, өрөөлийн фракци бүрт хамаатай гэж үзвэл энэ парламентад суугаа 64 гишүүний талаас илүү нь түүний дайсан болж хувирах билээ. Тиймдээ ч МАН-д буй шударга гишүүдийнх нь дэмжлэг энэ цагт намын даргадаа хэрэг болох нь ээ. Илүү олныг нуршихгүйгээр ирэх сонгуулиар тойргийн гадна үлдэж мэдэхээр асуудалд нэр холбогдсон хүмүүсийг уншигч танд болон намын дарга У.Хүрэлсүхэд зориулж, эргэн сануулах үүднээс нийтэлж байна. 

Г.Тэмүүлэн: ЖДҮ-чин. Түүний ээжийнх нь “Спа” цогцолбор ХХК нь Жижиг дунд үйлдвэрчийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийн зээл авсан. Хэдийгээр буцааж төлсөн гэж байгаа ч ард түмний боломжоос хумсалсан учраас тэр дахин нэр дэвших эрхгүй. 

Ж.Мөнхбат: Хууль бусаар хөрөнгөжсөн гэх асуудалд нэр холбогдсон. Мөн эхнэрийнхээ ахын компани болох “Засагт чандмань майнз” компанид  163 тэрбум төгрөгийн концесс авсан нь ил болсон бөгөөд Засгийн газраар энэхүү концессыг цуцлах шийдвэр гаргасан. 

Г.Солтан: ЖДҮ-чин. Өөрийн эзэмшлийн “Монгол шаазан” ХХК-иар ЖДҮХС-гаас 950 сая төгрөг авсан. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэд хэдэн удаа оруулж ирсэн ч суудалдаа үлдсэн. 

Л.Элдэв-Очир: Түүний харьяалагддаг “MCS” компанийн Тавантолгойг эзэмших зорилгоор байгуулсан “MMC” компани оффшор бүсэд бүртгэлтэй гэх асуудал яригдсан. Гэсэн ч надад хамаагүй, би буруугүй хэмээн үгүйсгээд өнгөрсөн билээ. 

Ш.Раднаасэд: Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, авлигачдад боломж олгосон буруутнаар түүнийг нэрлэсэн. Мөн ангийнх нь найзууд авлигын хэргээс мултарсан бөгөөд Ааяа хэмээн тэмдэглэж, мөнгө өгч байсан улстөрч нь түүнийг гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан билээ. 

Б.Дэлгэрсайхан: Тэрбээр, оффшор бүсэд данс эзэмшдэг. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэгэн ярилцлагадаа “Би оффшортой нь үнэн. Би бизнес хийж байсан. Оффшороо би ил тод мэдүүлчихсэн” хэмээж байлаа. 

Х.Болорчулуун: ЖДҮ-чин. Өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компаниар дамжуулж ЖДҮХС-гаас 950 сая төгрөг авсан. 

Н.Номтойбаяр: Концессын наймаачин. МАК компанийн эзэмшилд байсан Цагаан суваргын орд чиглэлд агаарын шугам, дэд станц барих 78 тэрбум төгрөгийн концессийн гэрээнд түүний нөлөө орсон гэдэг. Хувийн шугамаар барьчихаад төрд эргүүлэн зарах гэрээ байгуулсан. 

Я.Содбаатар: ЖДҮ-чин. Эхнэрийнхээ “Эпато Анарваан” ХХК, “Ти Эс Эм” ХХК-иар нийтдээ хоёр тэрбум төгрөг авсан гэдэг. 

Л.Энхболд: Охин Э.Мандухайн нэр дээр “Мэйт экспорт интернэшнл” компани байгуулж, ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдаж байсан. 

Ч.Улаан: Түүний эхнэрийн төрсөн дүү О.Даваасүрэнгийн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК хонь, ямааг амьдаар нь экспортлох бэлтгэл ажлаа хангаж, өдөрт 15 мянган бог мал нядлах үйлдвэрийг Замын-Үүдэд барьсан. Мөн эхнэрийнхээ дүүг зөвлөхөөрөө ажиллуулдаг. Нэгийг нь Төрийн банкинд, нөгөө нь Барилга, хот байгуулалтын яаманд газрын даргаар “шахсан” гэх дуулианд нэр холбогдож байв.  

Н.Оюундарь: Хүүгийнхээ “Рэд Стар клуб” ХХК-ид ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авч өгсөн. “Би төлчихнө” хэмээн загнаж байсан удаатай. 

Ж.Эрдэнэбат: Засгийн газрын сайдууддаа давуу эрх олгож, концессын гэрээ байгуулсан асуудалд холбогдсон. Мөн түүний дүүгийн болон өөрийнх нь хамаарал бүхий "Хэлх Илч" гэх компанид давуу байдал олгож Тост, Тосон бумбын нуруунд лиценз олгосон хэрэгт сэжиглэгдэн Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. 

М.Энхболд: “60 тэрбум”-ын гол дүр. Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалах төлөвлөгөөг гаргасан гол хүнээр нэрлэгдсэн. Энэ асуудлаас үүдэн УИХ-ын даргаас огцорсон билээ. 

А.Сүхбат: Төрсөн дүү А.Баттөгсийн эхнэрийн нэр дээр байгуулагдсан “Түгээмэл түмэнхишиг” компаниар дамжуулж, ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авсан. 

Н.Энхболд: Хүү Э.Одмөнхөө Бээжин дэх Элчин сайдын яаманд Консулын хэлтсийн даргаар, хүргэн н.Хашбаатарыг Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилуулсан. 

Б.Чойжилсүрэн: Сангийн сайд байхдаа өөрийнхөө компани руу НӨАТ-аас 36 тэрбумыг асан. Мөн түүний эзэмшлийн гэх “Сауд Гоби Коал Транс” компани тусгай хамгаалалттай бүс нутгийг ухсан гэх асуудал бий. 

Н.Цэрэнбат: Тендерийн хууль зөрчиж, өөрийнхөө найзын компанийн данс руу 300 сая төгрөг шилжүүлсэн гэх асуудлаар АТГ-аас шалгаж байсан. Гэсэн ч “улстөржсөн мэдэгдэл” хэмээн хайцаалаад өнгөрч байлаа. 

Ч.Хүрэлбаатар: Хууль бусаар олгогдсон долоон концессын нэг болох “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн автозамын концессыг 2020 оны төсөвт оруулсан хүн бол тэр. Тэр ч байтугай өртгийг нь 20 тэрбумаар нэмэгдүүлжээ. 

О.Батнасан: Төрсөн дүү О.Ганбаатарын 100 хувь эзэмшдэг “Топкондитер” ХХК ЖДҮХС-гаас 2018 оны зургадугаар сард 950 сая төгрөгийн зээл авчээ.

Л.Энх-Амгалан: Түүний хувь эзэмшдэг “Говийн зам”, мөн харьяалагддаг MCS-ийн охин компани АСЕМ-ийн үеэр Хөгжлийн банкнаас зээл авсан гэх асуудал яригдаж байлаа. Гэсэн ч “надад хамаагүй” гэсэн тайлбар өгсөн билээ. 

Б.Энх-Амгалан: “Улаанбаатар төмөр зам хувь” нийлүүлсэн нийгэмлэгээс автомашин бэлгэнд авсан гэх асуудал яригдсан ч “би хууль зөрчиж, хулгай хийгээгүй” хэмээн үгүйсгэжээ. 

Б.Баттөмөр: Б.Баттөмөрийн 80 хувь эзэмшдэг “Мондем” ХХК нь ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл авч байжээ.

Д.Дамба-Очир: УИХ-ын гишүүнийхээ албан бланк дээр “Сапфир стоун” компанийг дэмжиж зээл өгнө үү гэсэн албан хүсэлт хийж өгсөн. Улмаар тус компани нь ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдсан. Мөн Оюутолгой компанид ажлын хэсгийн дүгнэлтийг хүргэж өгсөн хүн. 

Ж.Энхбаяр: Өөрийн эзэмшлийн “Газар Агро” ХХК, “Газар буудай” ХХК-иар нийтдээ 1.9 тэрбумын зээл авсан. 

Б.Саранчимэг: Түүний төрсөн дүүгийн “Сингапурхэльткейр сентр” компани 800 сая төгрөгийн зээл авсан. 

Б.Батзориг: Түүний эхнэр Л.Отгонжаргалыг “Тээвэр ачлал” компани, мөн өөрийнх нь хамаарал бүхий Намуу дэвжих компани 1.4 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан. 

Д.Хаянхярваа: Хүргэндээ 200 сая төгрөгийн зээл авч өгсөн гэх асуудалд холбогдсон. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг оруулж ирсэн билээ. 

Ц.Нямдорж: Хүүгээ албан тушаалд хүргэсэн. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт 2.5 тэрбумын шахаа хийсэн гэдэг. 

Сү.Батболд: Оффшор бүсэд түүний төрсөн ах нь данс эзэмшдэг гэх асуудал үүсч байлаа. 

М.Оюунчимэг: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гурван улстөрчийн нэгээр түүнийг нэрлэж, шалгах асуудал яригдаж буй. Ёсзүйн дэд хороо асуудлыг ярина. 

Ц.Гаравжав: Компанийнхаа зээлийг Монголбанкны “Эрсдэлийн сан”-гаар төлүүлсэн гэх асуудал яригдсан ч өөрөө үгүйсгэсэн билээ. 

Н.Учрал: Түүний аавын “Хүннү” ХХК нь ЖДҮХС-гаас 900 сая төгрөгийн зээл авсан. Зээл авсан нь мэдэгдсэн даруйд төлөхөө мэдэгдсэн ч эгэл иргэдийн боломжоос хулгай хийсэн нь үнэн. 

Б.Ундармаа: “Доктор МИЭК” компаниараа ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан. Мөн түүний “Капитал” банкинд иргэдийн тэтгэврийн болон нийгмийн даатгалын мөнгө хадгалагдаж байсан ч банк дампуурч, төр хоосон үлдсэн.