ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог амжилттай нэвтрүүлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-21

НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь төсөл”-ийг 2017 оноос  хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг төсөл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ  оныг “Эх хүүхдийн жил” болгон зарласантай  шууд уялдаа холбоотойгоор хэрэгжиж байгаа аж.

Энэ хүрээнд нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв болон Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газарт эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтын хэрэгцээ, мэдээлэл технологийн чадамжийн хурдавчилсан үнэлгээ хийж, түүнд  үндэслэн чадавхижуулах сургалтыг үе шаттай хийжээ. Тухайлбал,  Амгалан амаржих газар болон Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инжененер техникийн ажилчдад зориулсан гурван  удаагийн сургалтанд 90 гаруй хүн хамрагджээ. Мөн ЭХЭМҮТ, нийслэлийн Амгалан амаржих газартай хамтран зохион байгуулсан “Эх барихын яаралтай тусламж” сэдэвт зургаан  удаагийн сургалтанд 96 хүн, “Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сэдэвт дөрвөн удаагийн сургалтанд дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 52 эмч, “Өндөр эрсдэлтэй жирэмснийг хянах нь” сэдэвт гурван удаагийн сургалтанд дүүрэг, тосгоны эрүүл мэндийн төв, зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын жирэмсний хяналтыг гардан гүйцэтгэдэг 36 эмч тус, тус  хамрагдсан ажээ.