ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын зөвлөл  шахмал түлштэй холбоотой асуудлаар албаны хүмүүсээс мэдээлэл авлаа

O.Admin
2019-10-21

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон сайжруулсан шахмал түлшний талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонслоо. Хуралд УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд, АН-ын дэд дарга нар болон Бодлогын зөвлөлийн гишүүд оролцлоо. Мөн Нийслэлийн засаг даргын Байгаль орчин хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, ОБЕГ Т.Бадрал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарганарын албаны хүмүүс оролцож мэдээлэл өгсөн байна. Мэдээлэлд “Энэ сарын 4-ний өдрөөс хойш шахмал түлшинд хордсон асуудлаар нийт 206 дуудлага ирж 549 хүн угаарын хийд хордож тэдгээрээс найман иргэн амиа алдсан. 199 тохиолдолд хэрэг бүртгэл нээн явуулж байна.  Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт нийтийн байранд ээж, охин хоёр угаарын хийд хордсон хэрэг гарсан. Угаарын хийд хордсоны улмаас гурван настай охин газар дээрээ нас барж, ээж нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ухаангүй байгаа. Мөн энэ сарын 19-20-нд шилжих шөнө 19 өрхийн 52 хүн хордсон” гэдэг мэдээллийг албаныхан өгчээ. Энэ талаар АН-ын гишүүд байр сууриа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хариуцлага ярих ёстой

 -Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө бүх төрлийн судалгаа, шинжилгээ хийсэн байх ёстой. Зууханд, иргэдэд буруугаа үүрүүлж болохгүй. Ниргэсэн хойно нь хашгирахтай адил зүйл болж байна. Тиймээс хариуцлага ярих ёстой. Энэ асуудлыг улс төрийн хонжоо харсан байдлаар хандаж болохгүй. Өвөл болоход ямар эрсдэл биднийг хүлээж байгааг нэгдээд ярих ёстой.

Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан: Өрхүүдийг угаарын хийн мэдрэгчээр хангана

-Маш олон төрлийн туршилт явсан. Гэр хорооллын иргэдийн бараг 99 хувьд буюу 174 мянган айл өрхийг сайжруулсан зууханд шилжүүлсэн.  Харамсалтай нь айл өрхийн 65 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй зуухтай байна. Түлшний уут дээр  ханын пийшинд түлж  болохгүй гэж бичихээс илүүтэй үндэсний хорооноос айл бүрээр орж мэдээлэл өгсөн. Борлуулалтын бүх цэгт мэдээллийн самбар байрлуулсан. Айл өрхүүдийг зуухаа шийдэх болон угаарын хийн мэдрэгчээр хангах шийдвэрийг Засгийн газраас гарган ажиллаж байгаа. Ирэх сарын 1-ний дотор шийднэ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хордсон хүний эрүүл мэндэд заавал уршиг үлдэнэ

-Улс оронд үүсээд байгаа олон эрсдэлтэй асуудлын нэг нь утаа. Хордсон хүний эрүүл мэндэд заавал уршиг үлдэнэ. Тэр дундаа  хүүхдүүдэд. Хордлого тайлаад зүгээр болоод явсан гэж яриад байх юм. Дотор эрхтэнүүдийн хордлого, тэндээс үүсэх эмгэг урт хугацаанд гарна. Алдаа гаргасан бол уучлалт гуйх хэрэгтэй. Дараагийн асуудал нь яагаад дуудлага өгөхөөр цагдаа нь түрүүлж ирээд байгаа. Цагдаа нь ирээд иргэний эрүүл мэнд гэхээсээ өмнө худал дуудлага өгсөн үү, ард түмэнд буруу ухуулга таниулга хийсэн үү гэж ард иргэдийг дарамталдагаа болиоч ээ. Иргэд сүүлдээ дуудлага өгөхөөс айж байна. Цагдаа нь ирээд нөхцөл байдлыг шалгах ёстой болохоос иргэнээс байцаалт авах ёсгүй байх. Тодруулга авч болохоос дарамт учруулж болохгүй.