ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Би чам шиг юманд бууж өгч үзээгүй, О.Баасанхүү: Жинхэнэ гэмт хэрэгтэн бол та өөрөө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-24

УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.


О.Баасанхүү:

-Энэ хуулийг дэмжих ёстой. Монголчуудын бусад орноос ялгарах гол онцлог нь мал аж ахуй. Малчин, мал хоёрыг бид онцгойлон анхаарах ёстой юм. Хууль зүйн сайдаас асуумаар байна. Бөөс түүж байгаа юм шиг болохгүй байгаа заалт бүрийг бариад яваад байх уу. Хэзээ эрүүгийн хууль хэзээ бүхлээрээ шинэчилж орж ирэх вэ. 2011 онд та Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Саарал жагсаалтад оруулсан. Таныг арай гэж мулталж зайлуулсны ачаар  2013 онд арай хийж гарсан. 2016 оноос хойш дахиад гурван жил мөнгө угаах талаар юу ч хийсэнгүй. Саарал жагсаалтыг харахаар зургаа нь танай яамны ажил, нэг нь Санхүүгийн зохицуулах хорооны ажил байсан шүү дээ. Хэзээ цогцоор УИХ-д оруулж ирэх юм бэ. Залуу хүмүүст суудлаа тавьж өгөхгүй юм уу. Та үнэхээр гай болж байна. 

 

Х.Нямбаатар: 

-Сүүлийн үед гишүүд хууль санаачлаад олон зүйл өөрчилж байна гэж О.Баасанхүү гишүүн ярьж байна. Н.Батнасан гишүүн хүүхдийн эсрэг гэмт хэргийн тодорхой зүйл заалтуудыг өөрчилсөн. Бид таны ярьсныг Байнгын хороон дээр ярьсан. Гадны ийм туршлага байдаг юм байна.  Малын хулгайтай гэмт хэрэгтэй тэмцэх өөрчлөлт бол ялын бодлого дээр оруулж ирж байгаа бодлого. Одоо таван бог, нэг бодоос дээш малын хулгайг хүндрүүлсэн гэмт хэрэг гээд явчихаж байгаа юм. Таныг бас ажлын хэсэгт урьж байна.

 

Ц.Нямдорж: 

-Баасанхүү, би мафитай тэмцэж байгаа нь үнэн. Яргалагч нартай тэмцэж байгаа нь үнэн. Би бууж өгвөл энэ төр, ард түмэн  бууж өгсөн болно. Чи намайг буулгах гэж үхэн хатан тэмцэж байна. Би бууж өгөхгүй. Чи намайг буулгаж чадахгүй.  Эрүүгийн хуулийг нэг хөндөх гэвэл бүх утас нь хөвөрдөг юм. Чи Эрүүгийн хуулийг ерөөсөө ойлгодоггүй юм билээ. 27 жил өмгөөлөгч хийсэн гээд томроод явдаг юм билээ. Чи ойлгоогүй хоёр жил надаас лавласан шүү дээ. Саарал жагсаалт надаас болоогүй ээ. Би чам шиг юманд бууж өгч үзээгүй юм. Би чамаас цаадахад нь бууж өгч үзээгүй. 

 

О.Баасанхүү: 

-Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг та үхэх нь ээ.  Өөрөө мафийн хүн байж. Жинхэнэ гэмт хэрэгтэн бол та өөрөө шүү дээ. Хорин жил гэмт хэрэгтнүүдтэйгээ хамт яваа хүн.

 

Ц.Нямдорж:

-Та нар өөрсдөө хуулиа самарсан. Би чиний санаачилсан хуульд хариу өгсөн. Тэгээд чи ичээд өргөн бариагүй.  Энэ та нарын  АН-тай хамтарч Эрүүгийн хуулийг самарсан шүү дээ. Чи өөрөө мэдэж байгаа. Энэ бол чиний үйлдсэн гэмт хэрэг.