ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ: Гурван Доржийн хар хууль гээд алдарт Эрүүгийн хууль бий

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-24

УИХ-ын чуулганаар Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, олонхийн саналаар дэмжлээ. 

Л.Мөнхбаатар: Монголд хүний эрх салбар болгонд зөрчигдөж байна. Тулгамдсан асуудал болсон. Хуулийн төслийг харлаа, одоогийн хуулиас ялгалах юм алга. Санхүү, ажлын албаны чиг үүрэг гээд жаахан өөрчлөлт орсон юм шиг байна. Гэхдээ одоогийн хуулиас өөр шинэчлэлт хийгдээд Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаа бүрэн өөрчлөгдөнө гэсэн итгэл төрөхгүй байна.  Магадгүй, эрүү, захиргааны үйл ажиллагаанд хүний эрхийн комисс шууд оролдцог болж байж хүний эрх хамгаалагдана. Концепцийн хувьд том өөрчлөлт орох ёстой. 

С.Эрдэнэ: Гурван Доржийн хар хууль гээд алдарт Эрүүгийн хууль бий. Хоёр Дорж нь одоо нийлээд хүний эрхийн үндэсний комиссыг өөрчилж байгаа гээд яриад сууж байна. Мөнхбаатар гишүүний  хэлдэг үнэн шүү дээ. Зөвхөн эрүүдэн шүүх биш хүнийг мөрдөж, мөшгих, гүтгэх гүжирдэх, тагнах шагнах гээд хүний эрх зөрчигдөж байна шүү дээ. Энхсайхан гээд эмэгтэйг есөн шидээр нь Ц.Нямдорж дарамтлуулж байна. Үүнд хүний эрхийн комисс яаж хандаж байна. О.Баасанхүү гишүүний бүрэн эрх рүү довтлоод, дайраад. Энэ 76 гишүүн дотор хэн давуу, хэн дутуу эрхтэй юм бэ. Үг хэлснийхээ төлөө ял зэмд унах юм байна. 

Ж.Бямбадорж: Хэвлэл мэдээлэл, соошлд хүний эрхэнд халддаг юм түгээмэл байна. Хүний эрх төрөөс олгодог биш. Цаанаасаа заяамал юм. Олон нийтийн сүлжээнд хүний эрх, хүүхдийн эрх, эрх чөлөөнд маш их халдаж байна. Сошиал хүнийг эрхэнд халддаг, гүтгэн доромжилдог, үүнээс болж хүн нийгэмдээ амьдрах нөхцөл нь алдагдаж байна. 

Ж.Энхбаяр: Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, адил тэгш эрхтэй байна гээд заачихсан. Үүнийг танай байгууллага хамгаалах ёстой. Гэтэл та би яахаа мэдэхгүй байна, би дөжирчихлөө гэнэ. Өнөөдөр нийгмийн хуваагдал арай л хэтэрлээ. 

Ж.Бямбадорж: Төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүс бүгд хүний эрхийн хамгаалагчид. Шүүх, цагдаа, прокурор бол хүний эрхийн хамгаалагчид байх ёстой. Ер нь бол үндэсний тогтолцоогоо хуульд заагаад өгчихсөн байгаа. 

О.Баасанхүү: Ц.Нямдорж хууль зүйн сайд болоод 20 жил болоход С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг илэрээгүй. 2007 онд НҮБ-ын комиссор ирээд эрүүдэн шүүлтийн асуудлаар үүрэг болгосон. Тэр үед нь энэ ажлыг сайнаар хийсэн бол өнөөдөр хэн ч эрүүдэн шүүхгүй байсан. 2008 онд Ц.Нямдорж сайд эрүүдэн шүүлтийн яргын сандал оруулж ирсэн. Тэр мөнгийг энэ нөхрөөр одоо төлүүлэх хэрэгтэй шүү дээ.