ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ: Гурван Доржийн хар хууль гээд алдарт Эрүүгийн хууль бий

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-25

Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы өчигд­рийн хуралдаанаар  Зарим иргэдийн тэтгэврийн хэм­жээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм. Учир нь 1990 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр батлагдан, 1991 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Тэтгэврийн хуулиар зарим иргэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон аж. Тухайн үед хөнгөлөлттэй нөхцөлөөр 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосны дотор 83,3 мянган хүн хамрагдсан байна.   Тэдгээрийн 80.2 хувь нь буюу 17 мянга нь улсын дундаж тэтгэвэр 374,8 мянган төгрөгийн тэтгэвэрээс доогуур байгаа гэсэн юм.  Иймээс эдгээр иргэдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү хуулийн төслийг УИХ-ын эмэгтэй гишүүд санаачилжээ. Холбогдох судалгаа, тооцооноос үзэхэд хуулийн төслийн зохицуулалтад хамрагдах 21.2 мянган хүний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 2020 онд 12.7 тэрбум төгрөг тусгасан байна. Цаашид энэ хэмжээ жил бүр тав орчим хувиар буурах бөгөөд эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэх юм байна. 

 

“Эрүүгийн хуулийг хөндөх гэвэл бүх утас нь хөвөрдөг”

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, О.Баасанхүү “Бөөс түүж байгаа юм шиг  болохгүй, бүтэхгүй заалт бүхийг бариад явах уу. Эрүүгийн хууль чинь үнэхээр болохгүй байна. Хуульд 14 настай хүүхэд биеэ үнэлж болно гээд заалт оруулаад ирсэн. Эрүүгийн хуулиа цогцоор нь хэзээ оруулж ирэх юм бэ. Өнөөдөр малын хулгай гэдгийг яриад явна. Дараа нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гээд ярина. Ц.Нямдорж та ажлаа өгөөч дээ, залуучууддаа боломж олго.  Би таныг гайхаж байна” гэв. Түүний хариуд Х.Нямбаатар “Сүүлийн үед гишүүд хууль санаачлаад олон зүйл өөрчилж байна гэж О.Баасанхүү гишүүн ярьж байна. Н.Батнасан гишүүн хүүхдийн эсрэг гэмт хэргийн тодорхой зүйл заалтуудыг өөрчилсөн. Бид таны ярьсныг Байнгын хорооны хуралд ярьсан. Гадны ийм туршлага байдаг юм байна.  Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх өөрчлөлт бол ялын бодлогод оруулж ирж байгаа юм. Одоо таван бог, нэг бодоос дээш малын хулгайг хүндрүүлсэн гэмт хэрэг гээд явчихаж байгаа. Таныг бас ажлын хэсэгт урьж байна” гэсэн хариултыг өгөв. Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Баасанхүү, би мафитай тэмцэж байгаа нь үнэн. Чи намайг буулгах гэж үхэн хатан тэмцэж байгаа. Би бууж өгөхгүй. Чи намайг буулгаж чадахгүй.  Эрүүгийн хуулийг нэг хөндөх гэвэл бүх утас нь хөвөрдөг юм. Чи Эрүүгийн хуулийг ерөөсөө ойлгодоггүй юм билээ. Саарал жагсаалт надаас болоогүй ээ. Би чам шиг юманд бууж өгч үзээгүй юм” гэх хариултыг өгөв.  Мөн Ж.Энхбаяр “Хуулийн төслийг дэмжиж байна. Судалгааны материалуудыг харлаа. Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйтай холбоотойгоор хуульд тусгай асуудал болгож суулгаж өгсөн байдаг. Мал ашиглаж,  гэмт хэрэг үйлддэг байвал яах вэ. Албаар малыг газар тариалан, хүнсний ногоо руу оруулж идүүлдэг ийм санаатай гэмт хэрэгт тооцох хариуцлагыг мөн суулгаж өгөөрэй. Нэг талаас малчидаа, малаа хамгаалъя. Мал ашиглаж гэмт хэрэг үйлддэг нөхцөлд тохирсон ялын бодлого оруулж өгөөрэй” гэх саналыг хэлэв. 

 

“Хүний эрх төрөөс олгодог зүйл  биш, цаанаасаа заяамал юм”  

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, олонхийн саналаар дэмжлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн  Л.Мөнхбаатар “Монголд хүний эрх салбар болгонд зөрчигдөж байна. Тулгамдсан асуудал болсон. Хуулийн төслийг харлаа, одоогийн хуулиас ялгалах юм алга. Санхүү, ажлын албаны чиг үүрэг гээд жаахан өөрчлөлт орсон юм шиг байна. Гэхдээ одоогийн хуулиас өөр шинэчлэлт хийгээд  Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаа бүрэн өөрчлөгдөнө гэсэн итгэл төрөхгүй байна.  Магадгүй, эрүү, захиргааны үйл ажиллагаанд хүний эрхийн комисс шууд оролдцог болж байж хүний эрх хамгаалагдана. Концепцийн хувьд том өөрчлөлт орох ёстой” гэж байр сууриа илэрхийлэв. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Гурван Доржийн хар хууль гээд алдарт Эрүүгийн хууль бий. Хоёр Дорж нь одоо нийлээд хүний эрхийн үндэсний комиссыг өөрчилж байгаа гэсэн зүйл яриад сууж байна. Мөнхбаатар гишүүний  хэлдэг үнэн шүү дээ. Зөвхөн эрүүдэн шүүх биш хүнийг мөрдөж, мөшгих, гүтгэх гүжирдэх, тагнах шагнах гээд хүний эрх зөрчигдөж байна шүү дээ. Энхсайхан гээд эмэгтэйг есөн шидээр нь Ц.Нямдорж дарамтлуулж байна. Үүнд хүний эрхийн комисс яаж хандаж байна. О.Баасанхүү гишүүний бүрэн эрх рүү довтлоод, дайраад. Энэ 76 гишүүн дотор хэн давуу, хэн дутуу эрхтэй юм бэ. Үг хэлснийхээ төлөө ял зэмд унах юм байна” гэлээ. ХЭҮК-ын дарга  Ж.Бямбадорж “Хэвлэл мэдээлэл, соошлд хүний эрхэнд халддаг юм түгээмэл байна. Хүний эрх төрөөс олгодо зүйл биш, цаанаасаа заяамал юм. Олон нийтийн сүлжээнд хүний эрх, хүүхдийн эрх, эрх чөлөөнд маш их халдаж байна. Соошд  хүнийг эрхэнд халддаг, гүтгэн доромжилдог, үүнээс болж хүн нийгэмдээ амьдрах нөхцөл нь алдагдаж байна” гэж ярьсан  юм.